Шууд Chart

УИХ: Засгийн газрын гишүүдийг томилох Ерөнхий сайдын шийдвэртэй танилцлаа

2023-04-07 20:44:30

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.07/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг сэлгэн болон шинээр томилох тухай шийдвэрээ танилцуулав.

Ерөнхий сайд танилцуулгадаа, Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзэж, түүнчлэн тус салбарыг эмэгтэй улс төрч удирдах нь илүү дэвшилттэйг харгалзан Хүрэлбаатарын Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснээ дурдлаа. Мөн тэрбээр, Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар төрд ажилласан, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн корридорын яриа хэлцлийг ахиулах чиглэлээр ажилласан улс төрийн туршлагыг нь харгалзан үзэж Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Буяагийн Тулгыг томилж буйгаа танилцуулав.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, С.Одонтуяа, Ц.Идэрбат нар Засгийн газрын тэргүүн болон сайд нараас асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа энэхүү томилгооны улс төрийн шийдэл, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх талаар асууж, хариулт авсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар цар тахлын үед манай улсын эдийн өсөлт хасах 4.7 хувь болж буурч байсан бол одоо 4.0 хувийн өсөлтэй байгаа болон экспорт сайжирч, улсын төсөв ашигтай болж буйг танилцуулав. Энэ сэргэлтээ хадгалж чадвал оны эцэст улсын төсвийн ашиг 1.0 их наяд төгрөг хүрэх бөгөөд давсан орлогыг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдгийг Улсын Их Хуралтай хамтран шийдвэрлэх, төрийн албаны тогтолцоог сайжруулах замаар албан хаагчдын цалин хөлсийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлдэг байхаар шийдвэрлэх боломжтой хэмээн хариулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар эмэгтэй хүн томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн С.Булгантуяад “хамгааллын сайд” гэж өөрийгөө ойлгож ажиллахыг зөвлөн, Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг хүссэн юм. Мөн тэрбээр, тэтгэврийг долоон жилийн цалингийн дунджаар тооцон тогтоож буйг таван жил болгох асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг захив. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Нийгмийн даатгалын багц хуульд анхаарлаа хандуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдээс хүсэж, энэ хуулийг хүлээж буй хүлээлт нийгэмд маш их байгааг сануулсан юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Тулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилох тухай 2023 он дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 68 тоот, Х.Булгантуяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох тухай 69 тоот захирамжуудаа танилцуулсан юм.

Дараа нь, Засгийн газрын гишүүнээр сэлгэн болон шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө.


УИХ: Засгийн газрын гишүүдийг томилох Ерөнхий сайдын шийдвэртэй танилцлаа  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй