Шууд Chart

ТБХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2023-04-11 18:40:02

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсаны дараа Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Хуралдааны төгсгөлд “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төслийн талаар хэлсэн үгэндээ, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасантай холбогдуулан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн Байнгын хорооноос “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”  УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг онцолсон.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлсний дараа гишүүдээс төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд "Тогтоолын төслийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив.

Мөн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Уг тогтоолын төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх, уг сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, авлагыг ангилж, улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг тусгасан байв. Мөн хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан тариаланчдад үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг агро-технологийн хугацаанд нь цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөлийг хангах, “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засаглалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй өрсөлдөхгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тус тус тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


ТБХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй