Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 104-р сургуулийн “Алтан од” олимпын танхимын нээлт боллоо.
Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” Олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа болон “Токио-2020” олимпын хүрэл медальт тамирчин Б.Болортуяа, 104-р сургуулийн төгсөгч, ДАШТ-ий хүрэл медальт бөх Т.Тулга нар байлцав.
Нээлтийн үеэр тус сургуулийн спортын секцний сурагчид өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж сонирхууллаа.
104-р сургууль Олимпын танхимгүй цөөн хэдэн сургуулийн нэг байсан тул ажлаа авсан даруйдаа шинэ танхим байгуулахад онцгойлон анхаарч, хоёр сарын дотор хийж гүйцэтгэсэн болохыг шинээр томилогдсон захирал Б.Бадамханд өгүүлсэн юм.
“Өнгөрсөн нэгдүгээр сард Олимпын хороонд болсон сургалтад сууж, Олимпын танхимын талаар ерөнхий ойлголт, мэдээлэлтэй болсон. Үүнээс хойш сургуулийн хамт олон, эцэг эхчүүдтэйгээ нийлж хоёр сарын турш зүтгэсээр олимпийн танхимаа нээлээ. Бид бүгдийг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг хичээсэн. Танхимдаа шатар даамны секц хичээллүүлэх зэргээр байнгын үйл ажиллагаатай болгохыг зорьж байна" хэмээн Б.Бадамханд захирал хэлсэн юм.
Сургуулийн зүгээс "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд Олимпизмын талаарх долоо хоногийн сургалт, волейболын тэмцээн, гар зураг, эсээ бичлэг болон олимпын бэлгэдэл хийх уралдаан, багш ажилчдын дунд 64 тоот гимнастикийн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулжээ.
104-р сургууль 2006 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ. Өдгөө тус сургууль 2170 хүүхэд, 84 багш, 34 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
104-р сургуулийн “Алтан од” олимпын танхим нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.