Шууд Chart

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн гишүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

2023-04-21 11:02:54

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн дэд даргын хувиар энэ дөрөвдүгээр сарын 18-ны өдөр уулзав.

Уулзалтад ДГХБО-ын бүлгийн Товчооны гишүүд болох Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Парагвай улсын Байнгын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын үеэр талууд Руанда Улсын Кигали хотноо 2024 онд болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов. НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фатима Рабабыг тус бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох саналыг энэ үеэр ДГХБО-ын бүлгээс гаргасныг НҮБ-ын ЕНБД А.Гутерреш дэмжин, ойрын үед шийдвэрлэхээ илэрхийлээ.

Далайн боомт болон олон улсын зах зээлээс алслагдмал оршдог, гадаад худалдаа, үйлчилгээний зардал өндөр, транзит орнуудаас тээврийн хамаарал ихтэй ДГХБО-ын хувьд Кигалид болох бага хурал чухал ач холбогдолтой тул бэлтгэлийг сайтар ханган ажиллахыг Бүлгийн Товчооны гишүүдээс хүсэлт болгов.

Уулзалтад НҮБ-ын Гуравдугаар бага хурлыг хүлээн авч, зохион байгуулах Руанда Улсын Байнгын төлөөлөгч Клавер Гатете, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газрын албаны захирал Хайди Шроедерус-Фокс нар байлцлаа.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн гишүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй