Шууд Chart

УИХ: ЭЗБХ-ны гишүүд Санхүүгийн зохицуулах хороонд ажиллав

2023-04-27 09:40:37

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар 2023 оны ддөрөвдүгээр сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд  ажиллав.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан УИХ-ын гишүүдэд байгууллагын үйл ажиллагааны талаар эхлээд танилцууллаа. Тэрбээр олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бий болгох, банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичгүүдэд туссан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, нэр төрлийг олшруулах зорилтуудын хүрээнд сүүлийн хоёр жилд хамгийн өсөлттэй салбар Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтын салбар байлаа. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийн өсөлт хамгийн өндөр байсан. Хөрөнгийн зах зээлийн өсөлтөд Банкны тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн болох үйл явц хэрэгжиж эхэлсэн нь  нөлөөлсөн хэмээн онцлов.

Мөн, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийг олон нийтийн болгох үйл явц эхэлсэн. Цаашид олон тулгуурт санхүүгийн салбарыг хөгжүүлэх үйл явцад зөвхөн бодлого боловсруулагчид бус дэд бүтцийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг сайжруулах, тэр дундаа мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь баазыг өргөтгөх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээнд иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг сайжруулах, иргэдэд хөрөнгийн зах зээлд оролцох боломж, бололцоог нээж өгөх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдаар дамжуулж зөвлөгөө, үйлчилгээ авах эрх зүйн боломжуудыг нээх талаар анхаарал хандуулан ажиллаж байна гэв.


УИХ: ЭЗБХ-ны гишүүд Санхүүгийн зохицуулах хороонд ажиллав  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй