Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-07-26 08:28:54

Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-нээс 24-нд Япон Улсад ажлын  айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Японы парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийж, КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцов. 

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд манай оронд айлчлав. Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улс, Канад Улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцлаа.

Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон "Gothia Cup" тэмцээнд Монгол Улсаас хөвгүүдийн 12 болон 16 насанд "Дэрэн" клубийн хоёр баг оролцож, ахлах насанд өндөр амжилтыг үзүүллээ. Тодруулбал, 16  насны ангилалд өрсөлдсөн "Дэрэн" клубийн тамирчид "B" хэсэгт өндөр амжилтыг үзүүлж, хүрэл медаль хүртэв. Бахдам амжилт үзүүлсэн өсвөрийн хөлбөмбөгчид өнгөрөгч долоо хоногт эх орондоо ирлээ.

Лхагва гарагаас эхлэн Гачуурт тосгоноос “Дүнжингарав” худалдааны төв хүрэх нийтийн тээврийн  ХО:Гачуурт-Дүнжингарав чиглэлд  өөрчлөлт орлоо. ХО: Гачуурт-Дүнжингарав гэсэн  чиглэл нь М:57 Гачуурт-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан болон шинэчлэгдэв. Мөн бидний хэлж заншсанаар 3-4 хорооллын Ахуйн үйлчилгээний ордны уулзварын авто замын засварын ажлын хүрээнд Тасганы овооны аюулгүйн тойргоос Ахуйн үйлчилгээний ордон хүртэлх хойд урсгалын замыг 2014 оны 07-р сарын 24-ний 22:00 цагаас 2014 оны 07-р сарын 27-ны 22:00 цаг хүртэл хаахаар болсон. Энэхүү засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өрчлөлт орсон байна. Ахуйн үйлчилгээний ордноос хойш эргэн хорооллын хойд замаар явдаг М:43, М:50, М:21 чиглэлийн автобусууд урд замаар зорчих бол “Цахилгаан тээвэр” компанийн троллейбус энэ өдрүүдэд нийтэд үйлчлэхгүй юм.

“Буянт-Ухаа 1” хороололд байр худалдаж авах эрхээр хангагдсан ч журамд заасан хугацаанд урьдчилгаа төлөөгүй гэрээ байгуулаагүй иргэдийн эрхийг цуцлаж,  дараагийн иргэдэд боломж олгох үүднээс хоёр дахь шатны сугалааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Гэвч аймаг, сумдын ойн баяр болоод хүмүүс хөдөө орон нутгийн зорьсон учир түр хугацаагаар сугалаа явуулахаа хойшлуулж өгөөч гэх хүсэлт ирүүлсээр байгаа тул Төрийн орон сууцны корпорациас сугалаа явуулахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. “Буянт-Ухаа 1” хорооллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэдэд амран суух орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 350 гаруй сандлыг байршуулаад байна. Тодруулбал, Канад Улсын туршлагаар Энхтайваны өргөн чөлөөнд арлан байгууламж бүхий амралтын сандлыг дөрвөн газар шинээр байршуулав. Түүнчлэн Монголын хог хаягдлыг боловсруулах холбоотой хамтран харанхуйд гэрэлтдэг сандлыг хаягдал шилээр үндэсний үйлдвэрлэгч “Экологи Кристал стоун” компани хийж Чингисийн талбай орчмоор 20 ширхэгийг байршуулжээ.  

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2012 оноос хойш үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчиллаа. Гэмт этгээдүүд 1988-1995 онд төрсөн  таван залуу байжээ. Тэд 2012 оны дөрөвдүгээр сараас 2014 оны тавдугаар сарын хооронд дээрх дүүргийн нутаг дэвсгэрээр шөнийн цагаар биеэ хамгаалах чадваргүй, ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг бүлэглэн зодож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн нийт 25 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэн авсныг нь тогтоон шалгаж байна.

Ачааны авто машинууд хотын төвөөр тусгай зөвшөөрлийн дагуу зорчино. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншаарай.

Гол усны түвшин нэмэгдэж, Онцгой байдлын алба хаагчид үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлсээр байна. Усны ослоор 2014 оны долоодугаар сарын 24-ний байдлаар 56 хүн нас барсан харамсалтай мэдээ бий. Иймд гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчиж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй