Шууд Chart

УИХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2023-04-27 16:15:24

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хууль зүйн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр хэлэлцжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалт болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй талаар тус тус зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр зарчмын зөрүүтэй санал гаргасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 16 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 3.2, 3.3 дахь хэсгийг хасаж, 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтын “22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсэг” гэснийг “14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэг” гэж өөрчилж, мөн зүйлийн 3 дахь заалт болгон шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  төслийг хууль санаачлагчид буцаахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.


УИХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй