Шууд Chart

ЭЗБХ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2023-05-03 18:02:11

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав.

Ажлын хэсэг 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр хуралдсан хуралдан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэл, түүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын 26 томьёоллыг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав.

Төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 15 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийг өөрчлөн найруулахыг, мөн төслийн 20 дугаар зүйлийг 17 дугаар зүйл болгон өөрчлөн найруулахыг, 27 дугаар зүйлийг 26 дугаар зүйл болгон өөрчлөн найруулахыг, 32 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулахыг дэмжсэн. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлд “аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөө” хэмээх нэр томьёог тайлбарласан 4.1.13 дахь заалт, 10 дугаар зүйлд “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэхэд энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хамаарахгүй” гэсэн агуулгатай 10.2 дахь заалт, 19 дүгээр зүйлд “Улсын аялал жуулчалын бүсэд хамаарах аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аялал жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын асуудлыг тусгаж, хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 19.5-д заасан техникийн зохицуулалт, стандартыг мөрдөнө” гэсэн 19.9 дэх хэсэг нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 19 дүгээр зүйлд “Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа эрхлэх аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч хоорондын орон зайн төлөвлөлтөд холбогдох техникийн зохицуулалт, стандартыг заавал дагаж мөрдөнө” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 9 гишүүн дэмжсэн. Төслийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтыг хасахыг гишүүдийн олонх дэмжив. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, мөн хуралдааны үеэр Б.Жавхлан гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 


ЭЗБХ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй