"Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Нээлттэй Дархан" хөтөлбөрийг аймгийн Иргэдийн хурлаар батлуулан боловсруулсан.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 5. 3. 3-т "Нээлттэй хот" уриалга дэвшүүлж, кино урлагийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжиж хамтран ажиллах гэж тусгасан.
Үүний дагуу Дархан хотод кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг бий болгох, дотоодын болон гадаадын кино бүтээгчдэд кино зураг авалт хийх таатай орчин болгон хөгжүүлэх зэрэг холбогдох асуудлын хүрээнд Соёлын яам болон Монголын кино урлагийн зөвлөлийн ажлын алба Дархан-Уул аймагт ажиллаж, аймгийн удирдлага, кино салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтаар “Кинонд ээлтэй Дархан” болох зорилтын хүрээнд Олон улсын кино уран бүтээлчдийг Дархан хот руу илгээхэд Дархан-Уул аймгийн давуу тал, боломжит нөхцлүүдийн талаар хэлэлцэж, цаашид кино урлагийг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтарч дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
Соёлын сэргэлтийн нээлт Дархан хотод зургаадугаар сарын 12-ны өдөр болно. Энэ үеэр “Кинонд ээлтэй Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм.
Соёл урлагийн газар, кино салбарын төлөөллүүд:
-Дархан хотод кино үйлдвэрлэлийн зураг авалтын павильон байгуулах газар болон дэд бүтцийн асуудлыг Дарханы удирдлагуудын зүгээс шийдэж өгөх, бүтээн байгуулалтад зориулсан зардлыг кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх
-Дархан хотод түүхэн болон бүх цаг үеийн кино зураг авахад тохиромжтой объект, барилга байшингийн өнгө төрхийг хадгалах үүднээс тэдгээр газруудыг соёлын өвийн чиглэлээр хадгалан үлдээхэд анхаарах,
-Дархан-Уул аймагт кино урлагийн салбар зөвлөл байгуулах,
-Дархан кино фестиваль зохион байгуулах,
-Киноны хүний нөөцийг бэлтгэх сургалт, хувцас техник хэрэгслийн сан бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийх талаар санал хэлэлцлээ.
Ийнхүү Дархан хот кино урлагийг дэмжсэнээр орон нутагт кино урлаг хөгжихөөс гадна аялал жуулчлалын болон бусад салбарт хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих зэрэг эдийн засаг, санхүүгийн боломжууд нээгдэх юм гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
“Кинонд ээлтэй Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.