Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага (ДЭЗЧУБ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Алаис Цвинггитэй /2026.06.24/ уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсонд нь баяр хүргээд Монгол Улс дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах, зорилт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус байгууллагын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээв.
Мөн Геополитикийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж буй өнөө үед олон улсын итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү ач холбогдолтой болж байгааг тэмдэглээд, энэ хүрээнд ДЭЗЧУБ нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын яриа хэлэлцээг дэмжсэн чухал платформ болж байгааг тодотгосон юм.

Инновац, дижитал шилжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал. Хиймэл оюун ухаан, цахим худалдаа, финтек, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар нь хөгжиж буй орнуудын хувьд өсөлтийн шинэ боломжийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд ДЭЗЧУБ-тай инновац, ногоон хөгжил, ашигт малтмал, эрчим хүчний шилжилт, худалдааг хөнгөвчлөх, дижитал эдийн засгийн чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Хоёр тал 2025 оны нэгдүгээр сард төрийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдыг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ, мэдээллээр дэмжих “Стратегийн оюун ухааны платформ” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улс тус хэлэлцээрийг байгуулсан дэлхийн хоёр дахь орон болсон. Энэхүү төслийг бодит үр дүнд хүргэхэд нягт хамтран ажиллахад хоёр тал анхаарч байна.

2027 оны Давосын чуулга уулзалтаар Mongolia House байгуулах санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү санаачилгыг бодит ажил хэрэг болгоход ДЭЗЧУБ-тай нягт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ыг зохион байгуулна. COP17-ийн хүрээнд ДЭЗЧУБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулахад ач холбогдол өгч байгааг онцлов.
Талуудын хамтран зохион байгуулах “YGL Learning Journey Mongolia 2026” арга хэмжээ ирэх наймдугаар сарын 3-7-нд Монгол Улсад болно.
| Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв | ||
| Үзсэн: 93 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.