Шууд Chart

Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэнэ

2023-05-05 08:11:03

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Тус Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

Сүүлийн 10 жилд хүн амын тоо 1.2 дахин, тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин өссөн. Судалгаагаар Их тойруу дотор 344 байршилд 15,181 тээврийн хэрэгслийн зогсоол байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд удаан хугацаагаар байршиж буй 28 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлжээ. Түүнчлэн Их, Бага тойруу доторх нийтийн эзэмшлийн зогсоолд зөвшөөрөлгүй хашлага, хаалт хийсэн байршилд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран албан бичиг хүргүүлсэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автомат хаалтын судалгааг нэгтгэн, холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн зөвшөөрөлтэй зогсоолуудыг нэгдсэн системд холбоход шаардлагатай мэдээллийг боловсруулж, авто зогсоолын менежментийг сайжруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хийж буй.

Хотын дарга зогсоолын стандартыг мөрдүүлж ажиллах хэрэгтэйг онцолж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмын төслийг эцэслэн боловсруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой байршлыг судалж, санал боловсруулан танилцуулахыг үүрэг болгов. Мөн нийтийн эзэмшлийн 48 байршилд байгаа 1918 зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.


Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэнэ  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2024-03-11 17:40
энэ нөхөр өөрөө хэд хэдэн зогсоол эзэмшдэг гэсэн. Ямар мөнгөөр хэдээр авсан нь бас сонин л байх...

Бидэнтэй нэгдээрэй