![](/uploads/202305/news/thumb/12367edac42636e03e6e07f54a0548e9_x3.jpg)
Улаанбаатар хотод байгаа, одоо баригдаж буй барилгуудын чанар, аюулгүй байдлын асуудал тулгамдаж байгааг хөндлөө. Тухайлбал, Улаанбаатар газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд тооцогдох болсон тул барилга, бүтээн байгуулалтын чанарын хяналтыг сайжруулахад бүх шатанд анхаарч ажиллах нь чухал байна.
Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Төрийн байгууллагын буюу хөндлөнгийн хяналтаас гадна Барилгын тухай хуулийн дагуу шат шатандаа оролцогч талууд хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь зохиогч, захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч, эрх бүхий байгууллагууд гээд бүгдэд хамаатай” хэмээж байлаа.
“Силикат Констракшн” ХХК-ийн захирал Г.Анар-Эрдэнэ "Энэ салбарт ажиллаж буйн хувьд хэлэхэд барилгын материалын чанарт анхаарах хэрэгтэй байна. Барилгыг хүлээн авч байгаа Улсын комисс ч үүнд онцгой анхаарал хандуулах ёстой. Бичиг цаасны бүрдүүлэлтээс гадна ямар бетон, арматур, цонх ашигласан бэ, энэ нь стандартад нийцэж байна уу, үгүй юү гэдэг чухал" гэв.
Барилгын чанар, аюулгүй байдлын хувьд мөн норм дүрмийг шинэчлэх, илүү тодорхой, нээлттэй болгох хэрэгтэйг хөндсөн. Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа норм дүрэм, шаардлагуудыг мөрдөх хэрэгтэй байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд онцолж байв. Тухайлбал, зураг төсөл, барилга угсралт, хотхон төлөвлөлт дээр норм дүрмийг хангаагүйгээс барилгын зөвшөөрөл олгох, эсвэл ашиглалтад хүлээн авах боломжгүй байх тохиолдол олон байна.
Нөгөө талаас, барилгын компаниудад тулгамдаж буй нэг асуудал нь газрын зөвшөөрөл, газар чөлөөлөлт болоод буй. Энэ талаар “Очирням проперти Девелопмент” ХХК-ийн захирал Б.Сансар “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй 30 орчим компани байна. Бидний хувьд газрын үнэлгээтэй холбоотой асуудал үүсдэг. Тухайлбал, иргэд газар чөлөөлөхдөө хэт өндөр үнэ хэлдэг. Тэгэхээр энэ зардлыг шингээж барилгаа өндөрлөх шаардлага гарна. Тиймээс газрын жишиг үнэлгээ тогтоох боломжтой, эсэхийг судалж үзэхийг хүсэж байна” хэмээв.
Газрын жишиг үнэлгээ тогтоохыг хүсэв | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.