Шууд Chart

Сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэн орон нутгийн байгууллагуудад үнэлгээ хийлээ

2023-05-23 16:46:11

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр хүссэн эрүүл мэндийн байгууллагуудад үнэлгээ хийх ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр хүссэн Булган, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 16-19-нд ажиллаж үнэлгээний баг ажиллалаа.

Үнэлгээний багт Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ерөнхий мэргэшил судлалын үндсэн мэргэшлийн сургалт эрхэлж буй байгууллагын төлөөллөөс гадна Японы ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки оролцов.

Үнэлгээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан эмнэл зүйн мэргэшүүлэх сургалтын 17 шалгуурын дагуу хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн зорилтот байгууллага юм. Энэ хүрээнд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт удирдах дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламжийн чиглэлээр эмнэл зүйн сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын орчинг бүрдүүлэхэд сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, материалаар хангах зэрэг ажлыг үе шаттай бэлтгэн арга зүйгээр хангаж ажилласан.

Үнэлгээний багийнхныг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хүлээж авч уулзан орон нутагтаа хэрэгжүүлж буй “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөцөөр бүрэн хангахын тулд анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутан, залуустай уулзалт зохион байгуулж, аймаг, суманд ажиллахыг уриалан, амьдрах байраар хангах зэргээр нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, эмч эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, зарим мэс заслыг нутагшуулах, орон нутагтаа мэргэшүүлэх сургалт явуулдаг болоход бүхий л талаар дэмжин ажиллаж байгаагаа танилцуулсан.

Тухайлбал, резидент эмчийн амьдрах байр, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Халдвартын эмнэлгийн хуучин барилгын нэг жигүүрийг орон нутгийн хөрөнгөөр иж бүрэн засвар хийж, тохижуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэн орон нутгийн байгууллагуудад үнэлгээ хийлээ  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй