Шууд Chart

ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

2023-05-29 15:45:18

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр хуралдаж, "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хийлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 16 санал дээр гишүүд 12 санал нэмж гаргасан тухай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээлж, нийт 28 зарчмын зөрүүтэй санал, мөн дэмжигдээгүй болон найруулгын шинжтэй тус бүр нэг санал гарсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн талаар танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 30 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, 26 саналаар санал хураан, дөрвөн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Батлут, Б.Баярсайхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж үг хэллээ. УИХ-ын гишүүдийн Ховд, Орхон, Завхан болон Сэлэнгэ, Булган аймгийн зарим сум, автозамыг хилийн боомтуудтай холбох хөрөнгө оруулалтын талаарх асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд С.Баямбацогт хариуллаа.

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гүйцээн боловсруулахаар буцаагдсан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэдгээр саналыг дэмжсэн тул "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй