Шууд Chart

“Эрүүл ой” төслийн хүрээнд АНУ-ын ойн албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна

2023-06-13 10:04:58

”Эрүүл ой” төслийн хүрээнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааг дэмжих, ойн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор АНУ-ын Ойн албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах ажил эхэллээ.

ЗГХА Ойн газар, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага, МУИС-ийн судлаач оюутны төлөөллүүд хамтдаа туршлага судлах албан томилолтоор 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд ажиллана.

Томилолтын эхний өдрүүдэд АНУ-ын Ойн албанаас хэрэгжүүлж байгаа ойн хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах  SPS (Slow The Spread) үндэсний хөтөлбөртэй танилцлаа. Уг хөтөлбөр нь Өрөөсгөл хүр эрвээхэйн тархалтыг хязгаарлахад органик фермоныг ашиглан онгоцоор тэмцлийн ажил гүйцэтгэдэг ой хамгааллын арга хэмжээ юм.

АНУ-ын ойн салбарт хийгдэж буй судалгааны ажлын үр дүн, Монгол орны ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, хэрэгжүүлж буй ажлын талаар талууд харилцан мэдээлэл солилцож Виржиниа мужид ажиллаж  байна.

Цаашид Виржиниа мужийн Технологийн Их сургуулийн ойн шавж судлалын төлөөлтэй уулзах, шавжийн дээж цуглуулгын сантай танилцах, тэмцлийн ажил гүйцэтгэж буй талбай дээр биечлэн зочлох зэргээр албан томилолт үргэлжилнэ.

 

Эх сурвалж: Ойн газар


“Эрүүл ой” төслийн хүрээнд АНУ-ын ойн албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй