Монгол Улс, Норвегийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Чингис Хаан музейд болов. Үзэсгэлэнг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Норвегийн Хаант Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Сигне Брудесет нар нээв.
Норвегийн алдарч аялагч Оскар Мамен 1911 оноос эхлэн монголын нутгаар аялж, монголын ард түмний ахуй амьдралын заншил, соёлын талаар тэмдэглэл хөтөлж, өөрийн авсан гэрэл зургийн баялаг цуглуулга бүтээсэн нь одоо “Норвегийн соёлын түүхийн музей”-д хадгалагдаж байгаа юм. Тэдгээр гэрэл зургийн бүтээлийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн танилцуулж байна.
Үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Норвегийн Хаант Улсын Элчин сайдын яам, “Норвегийн соёлын түүхийн музей”, “Чингис Хаан” музей, Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол, Норвег улсууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэх нийтлэг үнэт зүйлст тулгуурласан уламжлалт, найрсаг харилцаатай. Өнгөрсөн 55 жилийн хугацаанд Монгол, Норвегийн харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай, соёл, спорт, аялал жуулчлал зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байна.
Эх сурвалж: ГХЯ
“Оскар Мамены ертөнц ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов | ||
Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.