Шууд Chart

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан Лондонд тоглолтоо хийж, цомгоо бичүүлжээ

2023-06-23 14:02:55

ИБУИНХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын эдийн засаг, боловсролын салбарын харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайлбал, "Чингис хаан" хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханы тоглолтыг манай улсын ЭСЯ, ТББ-уудын дэмжлэгтэй зохион байгуулжээ.

Тоглолтыг Ирланд, Уэльсийн Кардиф, Английн Ноттинхам, Манчестер зэрэг хотуудаас хүмүүс ирж үзлээ.

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, АЖ Д.Жаргалсайхан Лондонд байх хугацаандаа Англи улсад оршин суугаа монголчуудад уран бүтээлээсээ толилуулахын зэрэгцээ гурван цомгийнхоо дууг шинэчилсэн найруулгаар Английн алдарт “Абби роүд” студид бичүүлсэн байна.

Бичлэгийг тус студид 30 жил ажиллаж байгаа туршлагатай инженер Саймон бичжээ. Саймон нь Битлз, Пол Макартни, Take that, Depeche Mode, Robbie Willams зэрэг нэрт хамтлаг дуучдаас гадна Холливууд, Англи киноны хөгжмийг найруулсан байдаг. Түүнчлэн Skyfall, Harry potter, King’s speech, Hobbit зэрэг олон бүтээл дээр ажилласан туршлагатай инженер юм байна.

1931 оноос ажиллаж эхэлсэн "The Abbey Road" студи нь эхэндээ сонгодог хөгжим, дуурийн дуучид, оркестрын бичлэг хийдэг байжээ. 1962 онд Английн алдарт "Битлз" хамтлаг анх бичлэгээ хийлгэж, 210 дууныхаа 190-г нь "The Abbey Road" студи бичсэн байна.

Дэлхийн олон зуун алдартай дуучин, хөгжимчин, хамтлаг, түүний дотор алдарт "Квин" хамтлаг, "Пинк Флойд", Лэди Гага, Эми Уайнхаус, Адель, Эд Ширан, Элтон Жон зэрэг олон алдартан тус студид дуугаа бичүүлж, эх бичлэгээ хийлгэсэн байна.

Мөн өнгөрсөн 40 жилийн туршид "Оддын дайн", "Бөгжний эзэн", "Харри Поттер", "Хар ирвэс" зэрэг олон арван киноны хөгжмийг тус студид бичжээ. 

Ц.Азхүү  


“Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан Лондонд тоглолтоо хийж, цомгоо бичүүлжээ   
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй