Шууд Chart

Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж, айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцжээ

2023-07-01 08:19:26

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар долоодугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар энэхүү айлчлалд Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг сайтар хангаж байгааг онцлоод манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Айлчлал нь хоёр улс харилцаагаа дүгнэх, цаашдын хөгжлийн арга замаа тодорхойлон нэгтгэх, эрчимжүүлэх боломжийг олгоно гэдгийг Элчин сайд М.П.Сингх тэмдэглээд айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс хоёр орны парламент, түүний Тамгын газруудын хооронд Хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байгааг дурдав.

Талууд айлчлалын хүрээнд хийгдэх хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, тэр дундаа хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хурдацтай үргэлжлүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж, айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцжээ  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй