Шууд Chart

“Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрт” аян эхэллээ

2023-07-03 16:52:32

Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны туршид 6 чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсний дагуу сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрт” аяны үйл ажиллагаа эхэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан 2 тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд, 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7 хувь (10 тутмын 1 нь) сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь (нийт хүн амын 3.8 хувь нь) сэтгэл түгших, 264 сая нь (нийт хүн амын 3.4 хувь нь) сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй байсан. Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа 8 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээлсэн.

Манай Улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар Монгол улсын 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4 хувь, органик бус нойрны эмгэг 17.5 хувь, архаг ядаргаа 16.2 хувь, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9 хувь, архинд донтох эмгэг 6.4 хувь, сэтгэл гутрах эмгэг 6.2 хувийн тархалттай байсан бөгөөд 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна.

Ийнхүү Эрүүл мэндийн яамнаас хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, олон салбарын оролцоог хангах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрт” нөлөөллийн аяныг эхлүүллээ.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрт” аян эхэллээ  
Үзсэн: 1900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй