Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 60 гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

2023-07-05 16:49:40

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долоодугаар 5-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

·      Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 MBт-аар өргөтгөх төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээс үл хамааран 2023 онд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгалаа.   

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·      Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо энэ сарын 26-нд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаанд оролцох Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Монголын талын төлөөлөөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа.

·      Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·      Хомын талын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд зөвшөөрлөө.

·      Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

·      Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийг хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит болголоо.

·      Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойг 2023 онд тэмдэглэнэ.


Засгийн газрын ээлжит хуралдаанаар 60 гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй