Шууд Chart

Н.Батсүмбэрэл: Зуслангийн бүсэд эрсдэлтэй нөхцөл үүсээд байна

2023-07-06 14:50:59

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад хуваагдан ажиллаж байна. 

Ялангуяа Чингэлтэй дүүрэг дэх зуслангийн бүсийн нөхцөл байдал хүндэрч, байшин урсах, цахилгааны шон унах зэрэг эрсдэлүүд гараад байна. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй холбогдон цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Зуслангийн бүсэд одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуслангийн бүсэд Сэлбэ голын орчимд уулын ус бууж, голын далан сэтэрсэн, ус эргээ хальсан. Тэгэхээр голтой ойролцоо байдаг айлууд усанд автах, цахилгаан дамжуулах шугам, гэрэлтүүлгийн шонгууд унаж болзошгүй буй тул усаар цахилгаан дамжих эрсдэл үүссэн. Тиймээс айлуудын цахилгааныг салгах, үерийн даланг хүчитгэх, айл өрхөд сэрэмжлүүлэг өгөх, зарим иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна.

-Одоогоор хэдэн хүн, ямар техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна вэ?

-Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, дүүргийн ЗДТГ болон бусад холбогдох байгууллагын 200 гаруй алба хаагч 40 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна. 

-Чингэлтэй дүүрэгт зуслангийн бүсэд хэчнээн айл өрх байдаг вэ?

-Манай дүүрэгт зусландаа гарсан айлууд нэлээд байна. Бас цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан эзгүй байгаа байшин сууц ч цөөнгүй. Тэгэхээр хулгай болон бусад гэмт хэрэг гарахаас сэргийлэн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа. Голын эрэг хөвөө дагуу зусланд гарсан айлуудыг нүүлгэх, өөр газар руу шилжүүлэх арга хэмжээ авч буй. Устай ойрхон байгаа бол нүүх, эсвэл өөрт хэрэгтэй зүйлсээ аваад өөр аюулгүй газар очих, хүүхдүүддээ хараа хяналт сайн тавих, усаар дамжсан цахилгаан дамжих эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.


Н.Батсүмбэрэл: Зуслангийн бүсэд эрсдэлтэй нөхцөл үүсээд байна  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй