
Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Жил бүрийн зуны сүүлч сарын шинийн 4-нд Бурхан багшийн “Номын хүрд эргүүлсэн буюу анх сургаалаа айлдсан” их дүйчин өдөр тохиодог. Энэ өдөр өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт боллоо. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд энэ өдрийн хүрээнд олон ажил хийлээ. Тодруулбал, сожин хүртээж, судар залж, “Жалав цогдол” номыг аялгуулан уншлаа. Мөн хосгүй үнэт номын үзэсгэлэнг дэлгэж сүсэгтэн олонд үнэ төлбөргүй үзүүлж, маань хөгжөөж, гороо хийсэн юм.
Өнгөрөгч долоо хоногт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх шийдвэр гаргаснаа зарлалаа. Ханшийн савлагаа, инфляцийн өсөлтийг тогтворжуулахын тулд ийн төсөв мөнгөний бодлогыг чангатгаж байгаагаа дуулгасан. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг саармагжуулахад нөлөөлнө гэж Монголбанк үзэж буй аж.
Цахилгаан шугам тоноглолд наймдугаар сард засвар үйлчилгээ хийх хуваарь гарсан байна. Хуваарийг ЭНДЭЭС уншаарай. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр тасална.
Өнгөрсөн долоо хоногт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2014 оны улсын төсвийн тодотгол, 2015 оны улсын төсөвт тусгуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүллээ. Тус холбооноос гаргасан саналд “Монгол Улсын Засгийн газар нь 2014 оны улсын төсвийн тодотгол, 2015 оны улсын төсвийн төслийг боловсруулж УИХ-д оруулахдаа улс орны эдийн засгийн өнөөгийн хүндрэл, валютын ханшийн эрс өсөлтөөс улбаатай иргэд, хөдөлмөрчдийн хөдөлмөр эрхлэлт, амжиргаа, нийгмийн хамгааллын хүрээнд буй болсон уналт, бууралт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадварыг сэргээх ажлын байр, хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад онцгойлон анхаарч цаашид нийгмийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй ажилгүйдэл, ядуурал, орлогын хомсдлыг арилгах яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Долоодугаар сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаж, Чингисийн талбайд телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тоон технологид шилжихийн тулд хэрхэх шаардлагатайг ЭНДЭЭС уншина уу.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн “Дөрвөн цагирагт тойрог зам” /Аварга галзуу хулгана/ тоглоомын ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар өгсөх замын тоормозны урд талынх нь үл буцаахын пүрш байхгүй, хойд талын үл буцаахын пүрш тасарсан нь тоног төхөөрөмжийн өдөр тутмын ашиглалтын зааврын дагуу үзлэг шалгалтыг хийж гүйцэтгээгүй, цуваа машины суудлыг бэхлэх буюу сөхөх хаах зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн бэхэлгээний боолтны хэсэг сэтэрсэн нь тогтоогдов.
Нийслэлд чонын бэлтрэг явж байсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсгийн алба хаагчид олж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэнд хүлээлгэн өглөө. С.Дамдинсүрэн бэлтрэгийг байгаль дэлхийд нь тавих юм. Тус бэлтрэгийг багад нь хүн тэжээж байсан байж болзошгүй байгаа тул иргэдэд иймэрхүү үйлдлийг гаргахгүй байхыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс анхааруулж байна.
Ашигт малтмалын газрын геологичид Баянхонгор аймагт төлөвлөгөөт шалгалтаар ажиллаж явахдаа төөрч сураггүй болсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Баян-Өндөр сумаас 120-130 км зайд Идрэнгийн нурууны ойролцоо машиных нь гурван дугуй хагарч явах боломжгүй болсны улмаас геологич 27 настай М GPS төхөөрөмжөөр зам хайхаар яваад нөгөө хоёроосоо холбоо тасарсан байна. Эрлийн ажиллагаанд нийт 60 орчим хүн, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Эрлийн багийнхан хоёр геологичийг олж, эмнэлэгт хүргэсэн. Харин тус эрлийн баг АМГ-ын төөрсөн ажилтны цогцсыг өнгөрсөн баасан гарагт Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас оллоо.
Одоогоор Энхтайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замаар 26 чиглэлийн 350 их багтаамжийн автобус үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслүүд цагийн хуваарийн дагуу явдаггүй, орлогын төлөө тэмцэлддэг гэх шүүмжлэл иргэдийн дунд байсаар байгааг Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна. Тиймээс Улаанбаатар хотын төв гудамж замаар давхцан явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулах, хотын төвөөр явах чиглэлүүдийг хотын захын болон хот орчмын суурьшлын цэгүүдтэй богино эргэлтээр холбож, замын нөхцөл, оршин суугчдын нягтрал, зорчигч урсгалтай уялдуулан дунд, их багтаамжийн автобусны аль нэг төрлийг сонгон явуулахаар төлөвлөлт хийжээ. Мөн цахим төлбөрийн системийн эхлэл болгож “Сарын зорчих тасалбар” гаргах юм байна. Сарын зорчих тасалбарын үнийг том хүн 30 000 төгрөг, хүүхэд 10 000 төгрөг байхаар урьдчилан тооцоолжээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харьяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд өнгөрсөн баасан гарагаас эхлэн цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг авч эхэллээ. Цахим бүртгэлийг наймдугаар сарын 1-ний өдрийн үдийн 12 цагт эхэлж, хуанлийн 15 хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 15-ны өдрийн мөн үдийн 12 цагт хааж, тасалбар болгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох тул тухайн үед орсон хур борооны эрчимшлээс хамаарч гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх аюултай тул ард иргэд сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа. Нийт ард иргэдэд баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар авто машинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлэхийг зөвлөж байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.