2014 оны 07 сарын 31-ний өдөр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдон шалгагдаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Лүймэдийн Гансүхтэй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт, Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалын гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн, хууль зөрчин байж очиж уулзлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл болон 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна хэмээн АТГ-аас албан ёсоор мэдэгдлээ.
Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн АТГ үзжээ.
Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн худал залилан мэдүүлж Засгийн Газрын тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Төсвийн тусгай сангаас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн үзсэн байна.
Сүүлийн үед хариуцлага алдсан сайд дарга нартай хуулийн хугацаанд /14 хоногт багтааж/ хариуцлага тооцох асуудлыг хүртэл санаатайгаар хууль зөрчин шийдвэрлэдэггүй, хавар намрын чуулган дамжуулж хойшлуулж байгаа нь үүний нотолгоо болно.
Цаашдаа Засгийн газар болон Хууль зүйн яам иргэдээс хууль биелүүлэхийг шаардах эрх байхгүй болж байгаа юм. Иймд төрийн хуулийг сахин биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах ёстой Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёрт Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зохион байгуулж улс төрийн хариуцлага тооцохыг Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод албан ёсоор мэдэгдэж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
МАН-ын удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа | ||
Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.