Шууд Chart

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажилд зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн оролцож байна

2023-07-26 16:06:13

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Инженерийн дарга хурандаа Ц.Ганхөлөгөөр ахлуулсан Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн 30 цэргийн алба хаагч Хөвсгөл аймагт 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 15 нэгж техниктэйгээр ажиллаж байгаа юм.

Энэхүү бүтээлч ажил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Онцгой байдлын албаны аврагч нар, ШУТИС-ийн инженерийн багийн эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж байгаад иргэд ихээхэн талархаж буй.

Хамгийн сүүлийн мэдээллээр онцгой байдлын аврагч, ШУТИС-ийн инженерийн багийн эрдэмтдийн тогтоож илрүүлсэн 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн бүхий тракторыг татан гаргах, усан замаар тээвэрлэх ажлыг Зэвсэгт хүчний усчин дайчид гүйцэтгээд байна.

Сонирхуулахад, мэргэжлийн шинжээчдийн үзэж байгаагаар Хөвсгөл нуурт 28 гаруй машин техник живсэн гэх тооцоо байдаг бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дурдсанчлан 2024 он гэхэд бүрэн цэвэрлэж дуусгахаар Зэвсэгт хүчин, Онцгой байдлын албаны мэргэжлийналба хаагчид, ШУТИС-ийн эрдэмтдийн баг ажиллаж байгаа юм.

Энэхүү Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг гаргах ажилд Зэвсэгт хүчнээс мэргэжлийн удирдлагаар хангахаар ЗХЖШ-аас гурав, тээвэрлэх ажлыг гүйцэтгэхээр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн 24, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 3 цэргийн алба хаагч идэвх зүтгэлтэй  ажиллаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажилд зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн оролцож байна  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-27 09:40

Бидэнтэй нэгдээрэй