![](/uploads/201408/news/thumb/c96f2c7d61978c7d8898c1aa675f2995_x3.jpg)
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алтан медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Бразилийн параолимпийн анхны эрх авсан З.Ганбаатар болон дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр тамирчид бэлтгэл сургуулилтаа Батлан Хамгаалах Их Сургуулийн дэргэдэх "Аваргаас аварга" клубт хийдэг боловч байр заал төдийгүй сумны асуудал тулгамдаж буйгаа танилцуулсан юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд буудлагын дэлхийн томоохон тэмцээнүүдэд электрон аравч гэх төхөөрөмжийг ихээр хэрэглэх болсон. Электрон аравч хэрэглэснээр тамирчин буудсаныхаа дараа оноогоо харахын тулд дэлгэцэн дээр дурангаа тавих шаардлагагүй. Ийм төхөөрөмж манай улсад 10 ширхэг байдаг ч дөрөв нь эвдэрснийг засварт өгсөн гэнэ. Энэ мэт өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж манай улсад хангалтгүй байгаа гэдгийг хэлж байлаа.
УИХ-аар Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн батлахаар зэхэж байгаа ч тус хуулийг өдийг хүртэл хэлэлцээгүй юм. “Хэрэв Галт зэвсгийн тухай хууль батлагдахгүй бол бидний бэлтгэл үнэхээр хүнд байдалд орно.Өнгөрсөн жил оруулж ирсэн сумаа дөнгөж сая авлаа, хууль эрх зүйн орчин нь байхгүй болсон” гэж дасгалжуулагчид уламжилж байв.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл төрөөс авч хэрэгжүүлж буй хөтөлбөр арга хэмжээг танилцуулаад “Техник спортын төв төрийн өмчид шилжсэнтэй холбогдуулан тэндхийн дотоод зохион байгуулалт, ашиглалт менежментийн асуудлаар төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна” хэмээгээд тэдэнтэй санал солилцон холдогдох газарт үүрэг өгч баяр хүргэн амжилт хүслээ.
Дашрамд дурьдахад ирэх есдүгээр сард Испани улсад болох ДАШТ-ээс спортын гар бууны эхний таван тамирчин, хийн гар бууны эхний зургаан тамирчинд "Рио-2016" олимпийн эрх олгох ажээ.
Ц.Оюунгэрэл сайд О.Гүндэгмаа, З.Ганбаатар нарын тамирчидтай уулзлаа | ||
Үзсэн: 1547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.