Шууд Chart

“Итгэл найдварын туяа” төслийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлнэ

2023-08-29 09:59:30

Олон улсын атомын энергийн агентлаг Монгол Улсад хавдрын өвчлөлийн тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах “Итгэл найдварын туяа” төслийг 2024-2027 онд хэрэгжүүлж, дэлхийн анагаах ухааны салбарт өргөн хэрэглэж байгаа цөмийн технологийн шинэлэг арга, аргачлалыг нэвтрүүлж, хорт хавдрын өвчлөлийг эрт оношилж, эмчилж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.

Олон улсын атомын энергийн агентлаг, БНСУ-ын КИРАМС хүрээлэн хамтран “Нэг ч орныг орхигдуулахгүй” гэсэн уриатайгаар улс орнуудад хэрэгжүүлж буй “Итгэл найдварын туяа” төслийн хүрээнд Монгол Улсын цөмийн оношилгоо, эмчилгээний салбарт SPECT/CT, гамма туяаны аппарат, денситометр, TH-45-ын гамма камер, агааржуулалтын сцинтиграфийн аэрозолийн төхөөрөмж зэрэг өндөр технологи бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх, цацрагийн ослын үед яаралтай тусламж үзүүлэх нэгжийг ХСҮТ, УХТЭ-т байгуулах, Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилга, хүний нөөц, тоног төхөөрөмж зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой гэжээ. 

Үүнээс гадна Монгол Улсад нэн шаардлагатай цөмийн оношилгоо, эмчилгээний эмч, мэргэжилтэн, анагаах ухааны физикч нарыг сургаж, чадавхижуулахад туслана гэдгийг төслийн багийнхан илэрхийлээд төсөл хэрэгжихийг хүлээхгүйгээр буюу энэ онд багтаад Монгол Улсад нэн шаардлагатай байгаа SPECT/CT аппарат нэгийг нийлүүлэх боломжтой гэлээ.

Энэхүү SPECT/CT аппаратаар хавдар, зүрх судас, бамбай булчирхай, түрүү булчирхай, бөөрний өвчний үйл ажиллагаа болон байршил, хорт хавдрын үсэрхийллийг эрт үед нь оношилж, цацраг идэвхит эмчилгээг хянана.

Хяналтаар бүтэн биеийн зураг авдаг давуу талтай юм байна. “Итгэл найдварын туяа” төслийг 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлнэ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Итгэл найдварын туяа” төслийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлнэ   
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй