Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Японы Чиба их сургуулийн хүндэт профессор Шимада Ёоко зочноор оролцож өөрийн улсын төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдлын талаар сонирхолтой мэдээлэл хүргэж, шинэ сувилагчийн сургалтын тогтолцоог нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцан санал солилцсон.
“Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион бйагуулсан уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭХЭМҮТ, “Хүрээ”, “Амгалан”, “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, АШУҮИС, Сувилахуйн сургууль, Сувилахуйн салбар зөвлөл, Сувилахуйн нийгэмлэг, Монголын эх баригчдын нийгэмлэг, УХТЭ, УГТЭ, Монгол-Японы эмнэлэг, СБД-ийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцлоо.
Уг төслийн хүрээнд сувилагч болон эх баригч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулах, эх барихуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Мөн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг тасралтгүй зохион байгуулж, эх баригч, сувилагч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригч, сувилагчийг ажлын байранд нь сургах тогтолцоог бий болгох зэрэг ажлыг хийж байна.
Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын сувилахуй, эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахад шинэ төгссөн эх баригч, сувилагчийг ажлын байранд нь сургаж дадлагажуулах хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.
Эх баригч, сувилагчийг ажлын байранд нь дадлагажуулах хөтөлбөрийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.