Шууд Chart

УИХ, Засгийн газрын гишүүд хуурай замын цэргийн командлалд ажиллалаа

2023-09-12 15:28:47

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй ҮАБЗ болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд, ажлын албаныхан Төв аймагт ажиллаж байна. Албаныхан Төв аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа дайчилгаатай болон орон нутгийн томилгоот нэгжтэй хамтатгасан сургуулийн явцтай танилцаж, хаалтын ажиллагаанд оролцох юм.
 
Арга хэмжээний эхэнд Батлан хамгаалахын сайдыг Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авч, албаныхан үргэлжлүүлэн Төв аймгийн ЗДТГ болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажилласан юм.
 
Энэ үеэр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ололт амжилт, бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэлээ дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, инноваци, оновчтой санал шингэсэн цэргийн техникийн шинэчлэл, бие бүрэлдэхүүнд чиглэсэн дадлага сургалтууд зэрэг олон чиглэлээр танилцуулга хийсэн юм.
 
Танилцуулгын дараа хүндэт зочид Хуурай замын цэргийн командлалыг орон нутагт шилжин байрласнаас хойших өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдан, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, албан тушаалтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулж төрийн байгууллагуудад жишиг болохуйц ажил өрнүүлсэн байгааг өндрөөр үнэлээд цаашдаа зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдлыг сайжруулах, цэргийн алба хаагчдын дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нийгэмд цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийн эерэг нөлөөллийг өрнүүлэх замаар цэргийн албаны нэр хүндийг улам өсгөх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцолж байсан юм.
 
Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам

УИХ, Засгийн газрын гишүүд хуурай замын цэргийн командлалд ажиллалаа  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй