Египетийн Засгийн газар Газад хүргэх тусламжийг саатуулж байна гэж Израил улсыг буруутгаж байна.
Газын зурваст бөмбөгдөлт үргэлжилж байгаатай холбоотойгоор Египет улсын Гадаад хэргийн яам улс орныг нь энэ бүсийн хүмүүнлэгийн хямралын асуудлаар буруутан болгож байна гэж өрнөдийн хэвлэлүүдийг шүүмжилж байна.
Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч энэ талаар нийгмийн сүлжээнд “Израилын талын онилсон халдлага болон тусламж нэвтрүүлэхээс татгалзсан байдал, гуравдагч улсуудын иргэдийг хилээр гаргахад саад учруулсны хариуцлагыг Египет улсад хүлээлгэхийг завдсан зэргээс үл хамааран өрнөдийн хэвлэлүүд уг гарц хаалттай байгаа явдалд манай улсыг буруутай болгож байна” гэж бичсэн байна.
Мөн Египетээс тусламж нэвтрүүлэх Рафах гарцыг нээлттэй хэмээн тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдээд “Гуравдагч улсын иргэдийг хилээр гаргахад саад учруулж буй хэрэгт Египет улс хамааралгүй” гэжээ.
Энэ хооронд тус улс Газын зурвастай залгадаг хилийн ойролцоо байруулсан бетон блокуудаа зайлуулаад байна.
Израилын тал энэ зурвас руу нэвтрэх хилээ нээхээс татгалзсан ч Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены зуучилснаар Газа руу нэвтэрдэг Рафах гарцаар Египетээс тусламж нийлүүлэх боломжтой болоод байгаа юм.
Одоогоор тусламжийн бараануудыг цуглуулж байгаа ч Газын зурвас руу нэг ч ачаа гараагүй байна.
Египетийн мэдээллийн агентлаг уг гарцыг баасан гарагт нээгдэнэ гэж мэдээлсэн ч замыг сэргээхэд хугацаа шаардана гэж Кайро мэдэгдээд байна.
Газад хүргэх тусламжийг саатуулж байна гэж Израил улсыг буруутгав | ||
Үзсэн: 1238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.