Ирэх онд иргэдийн бодит орлогыг хамгаалах багц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
УИХ-ын бүх байнгын хороод ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байна.
Тухайлбал, өнөөдөр үдээс өмнө УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын төсвийг хэлэлцлээ.
Засгийн газар цалин, тэтгэврийг эдийн засгийн өсөлт, инфляц, амьжиргааны түвшинтэй уялдуулан индексжүүлэх, мөн энэ онд шинээр баталсан Нийгмийн даатгал болон Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлуудыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.
Мөн төрийн нийтлэг үйлчилгээ, хот тохижилт үйлчилгээний салбарын ажиллагсдын үндсэн цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн ирэх онд хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тооцож орон нутгийн нэмэгдэл олгохоор төсөвт тусгажээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариуллаа.
Ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хороодын санал дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороо нэгтгэн хэлэлцэж, УИХ-д танилцуулах юм.
Ирэх онд иргэдийн бодит орлогыг хамгаалах багц арга хэмжээ хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.