Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргийн удирдлагуудтай уулзаж, хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болох зохион байгуулалтыг хийх үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, ариутгал, золбин нохой, муурын тоо толгойг цөөлөх, ногоон байгууламжийн арчилгааг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд хариуцуулахаар болж байгаа юм. Мөн ойрын хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж өгөхийг үүрэг болгов. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд ахуйн ажилтай зууралдах биш, бодлого, чиглэлээ гаргадаг байх ёстой гэдгийг онцолж байлаа.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хүндрэлтэй байдал үүсгэхгүйн тулд шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Ингэснээр хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүрэгт шилжинэ. Дүүргийн Засаг дарга нарт бүх эрх, үүрэг, хариуцлага шилжинэ гэсэн үг. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахална” гэлээ.
Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болно | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.