Шууд Chart

ЗГ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

2023-11-08 14:23:46

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд болж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд танхимын сайд нарын хамтаар МҮХАҮТ-ын шинэ удирдлагын багтай өнгөрсөн лхагва гаригт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар Ерөнхий сайд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход анхаарч дэмжин, хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, бизнесийн өнөөгийн хөгжилд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчныг бүрдүүлэх юм. Түүнчлэн, МҮХАҮТ нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болох юм. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх, өргөн хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.  


ЗГ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй