Бидний биеийн эд эрхтний үүргийг гүйцэтгэдэг жижиг боловч чухал эрхтнүүд байдгийн нэг жишээ бол арьс юм. Арьс нь хүний биеийн 15 хувийн жинг эзэлж хөлс гадагшлуулах, дулааны солилцоо явуулах, бие махбодыг хамгаалах гэх мэт үүрэгтэй байдгаас гадна гоо сайханд ч ихээр нөлөөлдөг. Гэвч бүсгүйчүүд бид ихэвчлэн нүүрний арьсандаа бүхий л анхаарлаа хандуулж биеийн арьсаа мартах нь элбэг. Гэтэл үнэн хэрэгтээ арьсанд багахан хэмжээний л анхаарал хандуулахад маш хурдан үйлчлэл авч булбарай, зөөлөн болдог тул одооноос биеийн арьсаа зөв зохистой байдлаар арчилж дараах алхмуудыг дадал болгон хэрэгжүүлээрэй
Гуужуулах нь их чухал
Хүний биеийн арьс 21 хоног тутамд бүхэлдээ шинэчлэгдэн, гуужиж байдаг. Тийм ч учраас арьсны давхарга бүрт нуугдсан үхэжсэн эд эсийг байнга цэвэрлэж, сэргээж, шинэчилж байх шаардлагатай. Ингэснээр арьсандаа шинэчлэлт хийж илүү зөөлөн, эрүүл, булбарай, торгомсог арьстай болох боломжтой юм. Хүний арьсанд тулгамддаг асуудал, өвчлөл (MRSA, хатиг) нь үхэжсэн арьсаа гуужуулаагүйгээс болж үүсэх магадлалтай байдгийг арьс өнгөний эмч нар онцолдог билээ. Хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бол долоо хоногт нэг, хуурай, холимог, хэвийн арьстай бол нэгээс хоёр удаа, харин тослог арьстай бол хоёроос гурван удаа гуужуулахад хамгийн тохиромжтой. Хэт ойрхон давтамжтай гуужуулах нь арьсыг эмзэгшүүлж цаашлаад арьсны өнгөн давхаргыг гэмтээх аюултай.
Хуурай брашинг
Гуужуулах нь арьсан дахь үхэжсэн эд эсийг цэвэрлэх, арьсны өнгөн давхаргыг сэргээх зориулалттай арьс арчилгааны нэгэн төрөл юм. Биеийн арьсыг гуужуулахдаа хуурай брашинг аргаар (dry brushing) буюу цэвэр байгалийн үстэй сойз ашиглан гуужуулалт хийвэл илүү үр дүнтэй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэгддэг гуужуулагч сойз нь хуурай брашинг хийхэд нэн тохиромжтой бөгөөд цусны эд эсийг сэргээж, хаван целлюлит үүсэхээс сэргийлж, тунгалгийн булчирхайд хуримтлагдсан хортой бодисуудыг устган дархлааг дэмжиж, бие арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулдаг онцлогтой билээ. Мөн эмзэг арьстай хүмүүс ч ашиглахад тохиромжтой байдаг.
Боди скраб
Мөн бидний мэддэгээр ширхэгтэй биеийн гуужуулагч буюу бодит скрабыг ашиглан арьсаа гуужуулах арга их түгээмэл байдаг. Ийм төрлийн биеийн гуужуулагчийг 7 хоногт 2-3 удаа тогтмол хэрэглэснээр үхэжсэн арьсыг гүн цэвэрлэж, арьсыг эрүүлжүүлнэ.
Ванны давс
Нуурын давс нь арьсыг гүн чийгшүүлж, арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж, арьсны шингэнийг хадгалж, арьсны гүний чийгшлийг тэнцвэржүүлж, нүх сүвнээс нь хорыг гадагшлуулж, булчинг амраадаг онцгой эрдэс бүхий бүтээгдэхүүн юм. Ванны давсны найрлага дахь нуурын давс болон байгалийн цэвэр тоснууд нь арьсны давхаргад хүрч, эсийг нөхөн төлжүүлэн тэжээлээр хангаж, булчинг суллаж, биеийг бүхэлд нь амраадаг байна. Хэрэглэсний дараа биеэ савандаж угаах болон биеийн тос нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй.
Ингээд хамгийн сүүлд нь арьсаа чийгшүүлэх нь танд ямар ач тустай вэ? Арьсны эд эсүүд маань дархлааны системийн 1/4-г бүрдүүлдэг гэдгийг мэдэх хүн ховор. Орчны бохирдол, нарны хэт ягаан туяа, нян бактери, вирусээс бие махбодыг хамгаалах чухал үүрэг арьсны эд эсэд бий. Гэхдээ цаг хугацаа явах тусам эдгээр эсүүдийн хүч суларч арьс руу чиглэх хортой бодисууд арьсны эсүүдийг гэмтээж эхэлдэг. Нүүрний арьсны тухайд бид өдөр тутамдаа нарны тос, идэвхтэй найрлагууд хэрэглэж сайтар хамгаалж чаддаг хэдий ч биеийн арьсаа хангалттай халамжилж чаддаггүй. Арьсны давхаргууд удаан хугацааны турш чийггүй байх нь арьс цагаасаа эрт хөгширч, суларч унжих гол шалтгаан болдог. Тиймээс сайн чанарын биеийн чийгшүүлэгч, тэжээлийн тос худалдан авах нь биеийн арьсандаа зориулж буй хамгийн том хөрөнгө оруулалт л гэсэн үг юм.
Өвлийн улиралд биеийн арьсаа хэрхэн сайхан арчлах вэ? | ||
Үзсэн: 1106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.