Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол та бидний сайн мэдэх антибиотик юм. Эм, бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетнийг устгах нь нэн төвөгтэй бөгөөд мал, амьтны ялгадсаар гадагшилж хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчинд тархах, мөн малын мах, сүү, хүнсний ногоо зэргийг хүн хэрэглэх үед эмэнд тэсвэржсэн нянгийн халдварт өртөх аюултай.
2022 оны аянд “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” уриатайгаар НЭГ ЭРҮҮЛ МЭНД концепцийн хүрээнд Монгол улсын хүн, малын эрүүл мэнд, байгаль орчны салбарууд хамтран оролцож байна. Аяны хүрээнд МҮОНТВ-ийн “Эрүүл мал Монголын баялаг” цуврал нэвтрүүлгийг бичил биетний тэсвэржилтийн талаар бэлтгэн олон нийтэд хүргэж байгаа бөгөөд иргэдэд чиглэсэн мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр түгээх, АШУҮИС ба ХААИС-тай хамтран төгсөх дамжааны оюутнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг сургалт зохион байгуулах, БЕГ-тай хамтран ЕБС-ын сурагчдад мэдээлэл өгөх, эрүүл мэндийн байгууллагууд байгууллага дээрээ сургалт сурталчилгаа хийх, зурагт хуудсуудыг орчуулан түгээх, олон салбарын оролцоог хангах зорилгоор салбар дундын хорооны анхны уулзалтыг зохион байгуулах болон бусад мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Та үүнийг мэдэх үү?
- 2019 оны байдлаар дэлхий дахинаа 5 сая гаруй хүн тэсвэржсэн нянгийн халдварын шалтгаантай холбоотойгоор амь насаа алдсан бөгөөд үүнээс 1,3 сая нь шууд тэсвэржсэн нянгийн халдвараас шалтгаалан нас барсан.
- Бичил биетний тэсвэржилт нь 2050 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3,8%-аар бууруулна. Бичил биетний тэсвэржилт нь хяналтгүй тархсаар байвал дараагийн 10 жилд жил бүр 3,4 триллион америк долларын ДНБ-ний хомсдолд оруулна. Мөн 24 сая гаруй хүн амыг туйлын ядууралд хүргэх аюултай.
- Нэг шинэ нянгийн эсрэг эм /антибиотик/ нээж гаргахад 10-15 жилийн хугацаанд 1 тэрбум гаруй долларыг зарцуулдаг.
- Үлдэгдэл болон хэрэглээгүй үлдсэн эмийг хог дээр хаях, жорлонд хийн урсгах нь бичил биетний тэсвэржилтийг улам нэмэгдэхэд хүргэдэг.
- Амьтадыг эрүүл байлгах нь нянгийн хадлварын эсрэг эмчилгээг багасгах чухал алхам юм.
- Хоол хийх, бэлтгэхээс өмнө гарын ариун цэврийг сахиснаар тэсвэржсэн бичил биетний халдварыг бууруулах боломжтой.
- Хүний оролцоотойгоор үүсэж буй бохирдол нь бичил биетний тэсвэржилтийн хүрээлэн буй орчин дахь тархалтыг нэмэгдүүлдэг.
- Ундны усны эрүүл ахуйг хангаснаар суулгалт өвчний эсрэг антибиотик эмчилгээний хэрэглээг 60% хүртэл бууруулах боломжтой. Ундны усны эрүүл ахуйг хангаснаар хүн амыг тэсвэржсэн бичил биетний халдвараас урьдчилан сэргийлж, амьдралыг чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн зардлыг бууруулна.
Бичил биетний тэсвэржилтийн тархалтыг багасгаж болох хүчин зүйлс:
- Хүн амын нягтаршилийг бууруулах, мөн хог хаягдал, ариутгалын менежментийг сайжруулах
- Халдвараас урьдчилан сэргийлэлт, хяналтын системийг хүний эрүүл мэнд, мал аж ахуйн ферм, хүнсний үйлдвэрүүдэд бэхжүүлэх
- Усны цэвэр байдал, халдваргүйжүүлэлт, ариутгалыг сайжруулах, сайн дурын дархлаажуулалтыг нэмэгдүүлэх
- Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сайн туршилгыг нэвтрүүлэхэд оршино.
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног эхэлж байна | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.