Шууд Chart

“Хорин нэгэн Дарь эхийн чуулган ” үзэсгэлэн үргэлжилж байна

2023-11-23 14:19:21

Богд хааны ордон музейд Арваннэгдүгээр сарын 27-ыг  хүртэл Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар Хорин нэгэн дарь эхийн чуулган-Өндөр богдын өв  тусгай үзэсгэлэн явагдаж байна.  

XVII зууны Монголын бурханы шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазар Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн болон 1635 оны "Идэр" хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд мэндэлжээ.

Түүний дээдэс Хиад ястай боржигон овогтой Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд угсааны язгууртан байв.

Занабазарыг 5 настай байхад Төвөдийн Жавзан Дарнатын 16 дахь дүр, Халх Монголын Анхдугаар Богдод өргөмжлөн шарын шашны тэргүүнээр залжээ. Анхдугаар Богд 1649-1651 онуудад Төвөдийн Уй, Зан, Лхас Зуу-д очиж Далай лам, Банчин Эрдэнэ нараас ном үзэн, авшиг хүртэн Монгол нутагтаа буцан иржээ.

Тухайн цаг үед Өндөр гэгээн Занабазар нь монголын бурханы шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм. Түүний санаачилга оролцоотойгоор Оросын хаант улстай дипломат харилцаа тогтоохоор хэд хэдэн удаа элч томилон, Сэлэнгэ зэрэг газар нутгийг Оросуудаас хамгаалан үлдэх оролдлого гаргаж байв.

Мөн Монгол оронд бурханы шашныг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн сүм хийдүүдийг байгуулан, урлагийн олон арван бүтээлүүдийг туурвин, өөрийн дэг сургуулийг буй болгосон юм. Тэрээр халх, ойрадын зөрчилдөөний улмаас 1691 онд Долоннуурт Манж Чин улсыг түших чуулганд оролцсоноор Манж Чин улсад захирагдах болсон билээ.

Энэ шийдвэр нь тодорхой цаг хугацааг хожих, хожмын учирч болох их аюулыг гэм хор багатай гэтэлгэх гэсэн далд санаа байсныг түүхийн баримт, түүний амьдрал гэрчилдэг.

Өндөр гэгээн Занабазарыг Монголын "Микеланжело" хэмээн Билгүүн номч Б.Ринчен үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, "Маанийн гүн бүтээх арга", "Жанлавцогзол" зэрэг зохиол туурвихын зэрэгцээ Ногоон дара эх, Цагаан дара эх, язгуурын 5 бурхан, Очир дара, Аюуш зэрэг бурхдыг бүтээсэн нь хүн төрөлхтний урлагийн түүхэнд хосгүй бүтээл болжээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

“Хорин нэгэн Дарь эхийн чуулган ” үзэсгэлэн үргэлжилж байна  
Үзсэн: 1594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-24 11:47
Баяр хүргэе.

Бидэнтэй нэгдээрэй