Иргэний нийгмийн байгууллагуудын зорилго тун энгийн. Хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан, сайн засаглалтай, хүмүүнлэг нийгмийг бүтээх юм. Үйл ажиллагаа иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, төрийн үйл ажиллагааг хөндлөнгөөс хянах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Эдгээр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бол “Бодлогод залуусын хяналт” ТББ юм.
“Бодлогод залуусын хяналт” ТББ 10 гаруй жилийн өмнө байгуулагджээ. “Залуучууд идэвхгүй, оролцоогүй, туршлагагүй, залхуу” гэх нийгмийн хатуу шүүмжлэл залуус нэгдэн байгууллага болон ажиллах гол шалтгаан болсон байна.
Учир нь залууст ардчилал, хүний эрх, иргэний оролцооны талаарх ойлголт, мэдлэг өгөх ямар ч суваг, дэмжлэг байдаггүй нь “Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянахад залуучууд” оролцож чадахгүй байгаа гол шалтгаан болохыг тэд олж харжээ. Энэ л алхмаас их сургуулиа дөнгөж төгсөөд, иргэний нийгмийн байгууллагад сайн дураар ажиллаж байсан туршлагатай залуучууд “Бодлого-Залуус-Хяналт” чиглэлээр ажиллах болсон байна.
“Бодлогод залуусын хяналт”-ынхан засаглалын манаанд 10 дахь жилдээ зогсож байгаа. “Иргэний боловсрол төв”-ийн Хөтөлбөр хариуцсан захирал Б.Ариунцэцэг тэдэнтэй анх байгуулагдсан цагаас нь эхлэн хамтран ажилласан. Тэрбээр “Арван жилийн өмнө залуухан эмэгтэй бодлого яриад явахад хүмүүс гайхаж байсан бол одоо залуусын оролцоо өөр болж байна” гэсэн юм.
Бодлого ярьдаг залуус 2012 оноос хойш зохион байгуулсан УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиудаар “Иргэний нийгмийн ажиглалт”-ыг хийсэн. Энэ ажлын хүрээнд сайн дурын залуучуудыг “Сонгогчийг төлөөлсөн ажиглагч”-аар бэлтгэн сонгуулийн өдрийн үйл явцыг бүхэлд нь ажигладаг. Өнгөрсөн хугацаанд тэнд 900 гаруй ажиглагчийг бэлтгэжээ. Энэ бол иргэний нийгмийн байгууллагуудын хамтын үр дүн болохыг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа онцоллоо.
Тэдний хувьд “хяналт” хэрэгжүүлдэг гол төсөл нь “Улс төр ба Сонгууль” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэд сонгуульд өрсөлдсөн нам эвсэл, нэр дэвшигчдийн зардлын тайлангийн ил тод байдалд хяналт тавьдаг.
2017 оноос хэрэгжсэн хөтөлбөрийнхөө үр дүнд улс төрчдийн сонгуулийн зардлыг тайлагнах хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж чаджээ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиудад санал зөвлөмж өгч, иргэдийн дуу хоолой болон мэргэшин ажиллаж байна.
Тэд засаглалд таны сонсох чих, харах нүд, хэлэх ам, бодох тархи болсоор энхийн манаанд сайн дураараа сайхан нийгмийг бүтээхээр ажиллаж байна.
Гэрэл зурагчин Д.Бат-Эрдэнэ
Залуус засаглалын манаанд зогсоно | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.