Шууд Chart

Хуулийн төслийг хэлэлцэв

2023-12-14 16:48:17

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тус тус танилцууллаа.

Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1968 онд гишүүнээр элсэн орсон. Манай улс Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд нэгдэн орсныг, энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал 2019 онд тус тус соёрхон баталсан. Швейцарь Улсын нийслэл Женев хотноо 2016, 2018 онд зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд одоогоор нийт 90 гаруй улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр далайчдын эрхийг хамгаалах үүднээс хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах, далайн дээрэм болон хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул гэсэн нэр томьёог шинээр тусгаж тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нэмсэн. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг эцэслэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Н.Энхболд гишүүн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд өнөөдрийн байдлаар Монгол Улсын далбаатай хэдэн онгоц, хэдэн далайчин байгаа талаар болон конвенцод нэгдсэн орсон гишүүн орон бүр далайчны хөдөлмөрийн гэрээг түүний хүчинтэй хугацаа дууссаныг харгалзахгүйгээр ямар нэгэн халдлагад өртсөн тохиолдолд хүчинтэй хэвээр байлгахыг шаардана гэж заасан байгаа тул энэ хариуцлагыг хэн хүлээх талаар, манай улсын далбаа бүхий хөлөг онгоц далайн дээрэмчдийн халдлага, хүчирхийлэлд өртөж байсан эсэх, холбогдох эрх зүйн зохицуулалт, хариуцлагын талаар ажлын хэсгээс асуусан болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Мөн тэрбээр БНХАУ-ын Тяньжинь хотод байгаа манай улсын мэдлийн 10 га газрыг боомтын зориулалтаар ашиглах асуудал удаашралтай явж ирсэн тул энэ талаар ямар бодлого баримталж байгааг Зам, тээврийн сайд С.Бямбацогтоос тодруулан асуугаад, цаашид энэ газрыг үр дүнтэй ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй талаар үг хэлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Монгол Улсын далбаатай, бүртгэлтэй хөлөг онгоцны ямар асуудлыг манай улс хариуцдаг, хэрхэн хяналт тавьдаг тухай болон улсын төсөвт төвлөрүүлдэг нийт ашиг, Далайн захиргааны байгууллагын жилийн төсөв, бүтэц, орон тооны талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн Н.Энхболд гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.  

Хуулийн төслийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуулийн төслийг эцэслэн батлах” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасныг хэлээд, энэ дагуу төслийг эцэслэн батлах санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт явуулна хэмээн зарлав. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


Хуулийн төслийг хэлэлцэв  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй