Их Британийн домогт дуучин Элтон Жоны 10 сая доллароор үнэлэгдэх 900 орчим хувийн эд зүйлсийг үнэ хаялцуулан худалдахаар болжээ. Дуудлага худалдааг Christie’s ордноос Нью-Йорк хотноо хоёрдугаар сарын 21-23 өдрүүдэд зохион байгуулна.
Дуудлага худалдаагаар дуучны 1970-аад онд өмсөж байсан мөнгөлөг өнгийн гутал (5000-10000 доллароор үнэлэгдсэн), 1990 оны хоёр хаалгатай Bentley загварын автомашин (25,000-ас 35,000 доллар) зэрэг эд зүйлсийг үнэ хаялцуулна. Түүнчлэн Versace брэндийн хувцсыг дуудлага худалдаанд тавина.
Нийтдээ 70 орчим хувцас, хэрэглэлийг худалдаалах ажээ.
Үүнд 4-6 мянган долларын үнэтэй, улаан, хар, алтлаг өнгийн Versace Medusa Red брэндийн хоолны иж бүрэн хэрэгсэл, мөн олон тооны цамц багтаж байна. 1993 оны Versace брэндийн зургаан торгон цамцнаас бүрдсэн нэг багц нь 4000-6000 доллароор үнэлэгджээ.
Элтон Жоны гэрэл зургийн хосгүй цуглуулгад багтах янз бүрийн сэдэвтэй 360 ширхэг гэрэл зураг дуудлага худалдааны гол хэсэг байх болно. Тухайлбал, Ирвинг Пенн, Ричард Аведон, Уильям Клейн нарын бүтээлүүд, Льюис Хин, Роберт Фрэнк, Доротеа Ланж нарын XX зууны нийгмийн сэдэвтэй зургууд, мөн олон улсын тэргүүлэх галерейд танилцуулсан Андреас Гурский, Синди Шерман, Хироши Сүгимото, Вольфганг Тиллманс нарын дайны дараах орчин үеийн урлагийн гэрэл зургууд байх ажээ.
Дуучин Элтон Жоны хувийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар оруулна | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.