Шууд Chart

ХЗДХЯ Японы Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран ажиллана

2024-01-16 13:21:47

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газрын (ICD) профессор Кэйсүкэ Гото болон холбогдох албаны төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.

Дэд сайд Б.Солонгоо манай хоёр орон өнө эртний найрсаг харилцаатайг онцлоод Монгол Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хууль, эрх зүйн салбарт улам бүр өргөжин хөгжиж байгааг уулзалтын эхэнд дурдлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хувийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн суурь хуулийг боловсруулж байгаа. Үүний нэг нь Арилжааны хуулийн төсөл бөгөөд уг хуулийн төслийг боловсруулахад Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгээс хамтарсан хэд хэдэн удаагийн семинар хийж, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа дэд сайд Б.Солонгоо илэрхийлэв.

Цаашдаа хууль зүй, дотоод хэргийн салбарын ажилтан, алба хаагчдыг Япон Улсад суралцуулах, харилцан туршлага солилцох чиглэлд дэмжиж ажиллахыг хүслээ.

Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газар нь (ICD) Япон Улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас Азийн болон бусад орнуудын хууль зүйн туслалцаа, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн хүрээнд хамтран ажилладаг болохыг Кэйсүкэ Гото ярианыхаа эхэнд онцлов.

Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй зарим хуулийн төслүүдэд хамтран ажиллаж, сургалт уулзалтууд хийснийг дурдаад цаашдаа энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай байх болно гэдгээ хэллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

 

 


ХЗДХЯ Японы Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран ажиллана  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй