Шууд Chart

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2024-02-10 16:18:16

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Маргааш өдөр Ховдын нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүснэ.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи салхилж, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2024 оны хоёрдугаар сарын 10-ны 20 цагаас хоёрдугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нийт нутгаар хүйтний эрч суларч, шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 30-35 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэлээр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, Монгол-Алтайн уулын ар бэлээр 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2024 оны хоёрдугаар сарын 12-ноос 2024 оны хоёрдугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Монгол-Алтайн уулс болон Дарьгангын тал нутгаар, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд нутгийн зарим газраар, 13,15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 3360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-10 22:48
Ta bvhendee bayrlàa ajlin ondor amjilt hvsye

Бидэнтэй нэгдээрэй