![](/uploads/202403/news/thumb/b3d58d4b312ec22f249c661f92190848_x3.jpg)
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.
Монгоп Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, Шүүхийн сахилгын хорооноос 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Хууль зуйн байнгын хорооноос боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлуулах нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 51.1 хувь нь уг саналыг дэмжснээр “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.
Энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, мөн оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хуулийн хугацаанд гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. ний дагуу танилцуулж байна.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны явцын дундаж үнэлгээ 80.4 хувьтай үнэлэгдсэн буюу өмнөх 2022 оноос 6.2 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Нийт 104 арга хэмжээ үр дүнтэй, 96 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 32 арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай, 11 арга хэмжээ үр дүнгүй хэмээн үнэлэгдсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан.
Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2023 оны явцын дундаж үнэлгээ 63.3 хувь болж өмнөх оноос 17.6 хувиар өсжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд хэрэгжилтийг зорилго тус бүрээр нь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Үүнд Үндэсний нэгдмэл үнэт зүйл-80 хувь; Хүний хөгжил-79.8 хувь; Амьдралын чанар ба дундаж давхарга-90 хувь; Эдийн засаг-84 хувь; Засаглал-60.8 хувь; Ногоон хөгжил-70.6 хувь; Амар тайван аюулгүй нийгэм-91.7 хувь; Бүс, орон нутгийн хөгжил-82.1 хувь; Улаанбаатар ба дагуул хот-80.5 хувийн хэрэгжилттэй байгаа гэв.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 6 бодлого, 23 чиглэл, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээ тусгагдсаны 1042 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны байдлаар 74.2 хувийн (өссөн дүнгээр 73.8 хувь) хэрэгжилттэй байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав. Нийт арга хэмжээний 183 буюу 17.6 хувь нь үр дүнтэй, 628 буюу 60.3 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 205 буюу 19.7 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 26 буюу 2.7 хувь нь үр дүнгүй хэрэгжсэн байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр мөн танилцууллаа. КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-87.0 хувь; Хүний хөгжлийн бодлого-71.7 хувь; Эдийн засгийн бодлого-71.1 хувь; Засаглалын бодлого-78.4 хувь; Ногоон хөгжлийн бодлого- 76.5; Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-76.9 хувийн хэрэгжилттэй байна.
Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 5 бодлого, 18 зорилго, 75 төсөл, арга хэмжээ, 201 шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2023 оны байдлаар 79.2 хувийн хэрэгжилттэй байгаа аж. Нийт төсөл, арга хэмжээний буюу 16 буюу 21.3 хувь нь “үр дүнтэй”, 44 буюу 58.7 хувь нь “тодорхой үр дүнд хүрсэн”, 9 буюу 12.0 хувь нь “эрчимжүүлэх шаардлагатай”, 6 буюу 8.0 хувь нь “үр дүнгүй” үнэлэгджээ. Тодруулбал Хүний хөгжлийн бодлого-76.2 хувь; Эдийн засгийн бодлого-76.1 хувь; Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого-92 хувь; Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ногоон хөгжлийн бодлого-79.1 хувь; Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-82.0 хувийн биелэлттэй гэв.
Дэлхий дахиныг хамарсан цар тахал, геополитикийн хямралт нөхцөл байдлын нөлөөгөөр манай улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 4.6 хувиар агшиж, гадаад валютын албан нөөц 2022 оны 08 дугаар сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буурч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл сүүлийн 4 жил алдагдалтай гарч, инфляц 2022 оны хагас жилд 16.1 хувь хүртэл өссөн зэрэг тогтворгүй нөхцөл байдлуудтай тулгарсан.
Гэсэн хэдий ч эдийн засгийг тогтворжуулах, суурийг тэлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх бодлогуудыг авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг 2023 онд 7 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 2023 оны байдлаар 5 тэрбум ам.долларт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 763 тэрбум төгрөгийн ашигтай гарч, инфляц 7.9 хувь хүртэл буурч нэг оронтой тоонд орсон болохыг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Түүнчлэн Засгийн газрын томоохон төлбөрүүд болох “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ” бондуудыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүрэн төлж, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэн, тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн аудитын байгууллага улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд аудит хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлсэн байна”, 18 дугаар зүйлийн 18.4-т “Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд аудит хийж, гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх жилийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлсэн байна” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав аудитын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Монгол Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүнд хийсэн аудитын хүрээнд тус төлөвлөгөөнд нийт 75 төсөл, арга хэмжээг 201 шалгуур үзүүлэлт бүхий төсөл, арга хэмжээнд задалж хэрэгжүүлэхэд 15.1 их наяд төгрөг шаардлагатай байхаар баталж, 9.8 их наяд төгрөгийг зарцуулсан аж. Энэ нь төлөвлөсөн санхүүжилтийн 64.9 хувийг эзэлж байгаа гэв.
Улсын хөгжлийн 2023 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулсан байна. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан 201 төсөл, арга хэмжээнээс “Улсын төсөв болон гадаадын зээл тусламж”-ийн эх үүсвэрээс санхүүжих нийт 156 төсөл арга хэмжээ байгаагийн 33 төсөл арга хэмжээ нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусаагүй гэв.
Аудитын дүнд үндэслэн анхаарвал зохих асуудлаар холбогдох дүгнэлт гаргасныг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулсан юм. Тухайлбал, Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө 70.8 хувьтай хэрэгжсэн бөгөөд нийт төсөл, арга хэмжээний 28.4 хувь нь “Үр дүнтэй”, 38.8 хувь нь “Тодорхой үр дүнд хүрсэн”, 24.4 хувь нь “Эрчимжүүлэх шаардлагатай”, 8.5 хувь нь “Үр дүнгүй” байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасан төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага ялгаатай байгаа нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө тухайн жилийн төсвийн тухай хуультай уялдахгүй байхад нөлөөлж байна гэж дүгнэжээ. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний суурь түвшин, шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн хэмжээг бодитой тодорхойлоогүйгээс төлөвлөсөн төсөл, арга хэмжээ зорилтот түвшинд хүрэхгүй, улмаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулж байна хэмээн дүгнэсэн байна.
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бодит гүйцэтгэл, холбогдох нотлох баримтад үндэслэж бодитой үнэлээгүй; Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллагууд төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэдэн хувьтай хэрэгжүүлсэнд ач холбогдол өгч байгаагаас төсөл, арга хэмжээний үр дүнд нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө бий болж байгааг тооцож үнэлээгүй нь хууль, эрх зүйн зохицуулалт дутагдалтай, уг үнэлгээг хийх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой байна гээд аудитаар илэрсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2021-2023 оны хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр-ийг 2021-2023 оны хооронд 6 бодлого, 23 зорилго, 261 зорилтын хүрээнд 1046 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 89.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай байхаар баталж, гүйцэтгэлээр дунд хугацааны зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 34.8 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Хөтөлбөрийн зорилго, зорилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд 326 буюу 31.2 хувь нь “Үр дүнтэй”, 324 буюу 31 хувь нь “Тодорхой үр дүнд хүрсэн”, 271 буюу 25.9 хувь нь “Эрчимжүүлэх шаардлагатай”, 125 буюу 12 хувь нь зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнийг хангаагүй хэмээн дүгнэсэн байна.
Аудитаар дүгнэлтээр хөтөлбөрт оролцогч талуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй, арга хэмжээнд шаардлагатай төсөв хөрөнгө нь батлагдаагүйгээс тухайн зорилт, арга хэмжээний биелэлт зорилтот үр дүнд хүрээгүй, хөтөлбөрийн биелэлт 70.5 хувьтай гарчээ. 2021-2023 оны хэрэгжилтийг авч үзэхэд КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого 83, Хүний хөгжлийн бодлого 67, Эдийн засгийн бодлого 59, Засаглалын бодлого 73, Ногоон хөгжлийн бодлого 67, Нийслэл ,бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 73 хувийн биелэлттэй гарсан байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дунд хугацааны баримт бичгийн хэрэгжилтийн нотлох баримтыг Засгийн газрын Төрийн мэдээллийн нэгдсэн цахим системд оруулж хэвшээгүй, арга хэмжээний хэрэгжилтийн тайланд үндэслэдэг, нотлох баримтад тулгуурлан нягтлан шалгахгүйгээр шат шатны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүгнэлтийг гаргаж байгаа нь хөтөлбөрийн үр дүн, үр нөлөөг бодитой үнэлж дүгнэх үндэслэл болж чадаагүй, хяналтын тогтолцоо сул байна гэжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага, түүний дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж, мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэгч газар нь хөтөлбөрийн үр дүнд бий болсон бүтээн байгуулалт, түүнд зарцуулсан хөрөнгийг нэгтгэн тайлагнаагүй байгааг аудитын дүгнэлтэд дурдсан юм.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 154 шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 61 шалгуур үзүүлэлт уялдаж хэрэгжсэнээс 2021-2023 оны үр дүнгээр 17 шалгуур үзүүлэлтийн үр дүн нь хангагдажээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад босоо болон хэвтээ тогтолцоондоо төрийн захиргааны төв байгууллага хамтарч ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс зарим зорилт, арга хэмжээ зорилтот үр дүнд хүрээгүй байна.
Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдад 4, Төсвийн ерөнхийлөн захирагч болон хэрэгжүүлэгч байгууллагын дарга нарт 3, нийт 7 зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулга, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавын танилцуулсан аудитын дүгнэлт болон Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар мэдээлэл авсан. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд хуралдаан үдээс хойш Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
УИХ-ын тогтоолын төслийг баталлаа | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.