Шууд Chart

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2024-04-11 13:25:37

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

УИХ-ын гишүүн Н.Учралаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. УИХ-ын даргын 2022 оны 49 дүгээр захирамжаар УИХ-ын гишүүн Н.Учралаас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар ажилласан байна. Ажлын хэсгийн хуралдаад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 3 саналын томьёоллыг бэлтгэжээ.

Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, түүнд тавигдах шаардлага, үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна гэдгийг М.Оюунчимэг гишүүн танилцууллаа. Түүнчлэн ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хэд хэдэн зохицуулалтыг нэмж тусгасан гэв.

Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг өөрчилж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд хамаарах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн нэгдсэн холбоог энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулахаар төсөлд тусгажээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 34 хуулиар мэргэжлийн холбооны үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд эдгээр хуульд мэргэжлийн холбооны ажиллах чиг үүргийг тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Төсөлд мэргэжлийн холбоо гэж салбар эсхүл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага тухайн салбарын мэргэжилтнүүдэс бүрдэж байгуулагдсан холбоог, харин Мэргэжлийн нэгдсэн холбоо нь мэргэжлийн холбоодоос бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоо байхаар тус тус тодорхойлсон байна. Түүнчлэн төсөлд мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах, түүнд тавигдах шаардлагыг тусгаж, мэргэжлийн нэгдсэн холбоо нь тухайн салбарын мэргэжлийн холбоодын олонхоос бүрдэх бөгөөд тухайн салбарын зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын 50-иас дээш хувийг эзэлдэг мэргэжлийн холбоод байхаар төсөлд тусгажээ.

Хэрвээ мэргэжлийн холбоо нь тухайн салбарын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд нийцүүлэн мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг М.Оюунчимэг гишүүн танилцуулав. Мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт хүргүүлэх бөгөөд баримт бичгийг нягтлан шалгах, уг холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах нөхцөл шаардлагыг хуулийн төсөлд шинээр нэмж тусгасан байна. Мөн мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, гишүүнчлэл, чиг үүрэг, төрийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй томьёоллуудыг мөн ажлын хэсгээс бэлтгэжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар салбарын мэргэжлийн холбоодын эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах, салбарын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг оролцуулах, төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг сайжруулах, улсын төсвийн ачааллыг багасгах боломж бүрдэх юм байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжсэн. Түүнчлэн “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт” гэсэн 6 дугаар зүйл, “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт, баримт бичгийг нягтлан шалгах” гэсэн 7 дугаар зүйл, “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах” гэсэн 8 дугаар зүйл, “Гуравдугаар бүлэг Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, гишүүнчлэл, чиг үүрэг”, “Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт” гэсэн Гуравдугаар бүлэг, 10 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 25 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулж, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй