Канадын Ванкуверт болох өвлийн олимп эхлэхэд сарын хугацаа үлдлээ. Сэтгүүлчид, гэрэл зурагчид хэчнээн хичээгээд одоо болтол нээлтийн ажиллагааны талаар мэдээлэл олж аваагүй байна. 4000 хүн оролцох энэ ажиллагааны найруулагч Девид Эткинс жүжигчид,дуучид нь тэрбайтугай сайн дурынхан ч нууцыг чанд сахиж байгаад сэтгэл хангалуун байгаа ажээ.
Дэвид Эткинс 2000 оны Сиднейн олимпийн нээлтийн ажиллагааг кохион байгуулсан туршлагатай хүн. Одоо тэрбээр өдөрт 20 цаг ажиллаж байгаа гэнэ. Ихэнх үзүүлбэр бэлэн болсон бөгөөд дахин давтаж сургуулилах шаардлага бараг үгүй аж. “Цагаа сайн барихаас гадна ажил мэргэжилдээ ч онцгой ийм сайн бүрэлдхүүнтэй ажиллаж байсан удаа надад байхгүй. Сайн дурынхан маань үзэгчдэд барих гэнэтийн бэлгийн нууцыг ах дүү, хамаатан садандаа ч задруулахгүй байгаа” хэмээн The Canadian Press сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна.
Хэдийгээр Эткинс нууцаа дэлгэхгүй байгаа ч нээлтийн ажиллагааны зохиолыг соёл урлагийн төрөл бүрийн салбарын 160 гаруй мэргэжилтэнтэй зөвлөж ярилцсаны дүнд зохиосон гэдгээ дурдлаа. Тэр байтугай Хойд Америкийн уугуул иргэдийн санал бодлыг ч тусгасан юм байна. Хоёр жилийн өмнөөс дэлхийн өнцөг булан бүрт Олимпийн тоглолтын нээлтийн ажиллагаанд юу үзэхийг хүсэж байна, юу хэрэггүй вэ гэсэн санал асуулга явуулсанаар үндсэндээ хүмүүс юу үзэх гээд байна вэ гэдгийг ойлгосон гэнэ. Түүний хэлснээр энэ удаагийн нээлтийн ажиллагаа нь өмнө нь бидний үзэж байсан олимпуудаас огт өөр. Ямар нэг ер бусын зүйл, эсвэл ид шидийн ертөнцөд аялана гээд төсөөлөөд бодоход алдахгүй юм байх.
Өвлийн олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Жон Фарлонг “Та хоёрдугаар сарын 12-ны 18.00 цагт телевизороо асаахад л хангалттай. Нэг мэдэхэд та тэнгэрт нисэж байх болно” гэж бахархалтай мэдэгдэж байна.
Олимпийн түүхэнд анх удаагаа хаалттай танхимд болох энэхүү спортын их баяр наадамд ОУОХ-ны дүрмийн дагуу тамирчдын жагсаал, тагтаа нисгэх гэсэн уламжлалт хэдэн зүйл л хэвээр байгаа. Харин үлдсэнийг нь сарын дараа л сонирхох үлдлээ.
Нээлтийн ажиллагааны баг ёслолд бэлтгээд завгүй байгаа бол ОУОХ-ыхон цаг агаарт санаа зовоод нойргүй хонож байна. Ванкувер хотын байрлах Британийн Колумб мужид аадар бороо орж, уулын цанын бааз хаагдахад хүрээд байгаа. Фристайл, сноубордын тэмцээн болох энэ бааз олимпийн бэлтгэл ажлаа хийх нь битгий хэл цас ч үгүй сууж байна. Өнгөрсөн жил яг л энэ асуудлаас болж, Ванкуверт болох байсан уулын цанын дэлхийн цомын тэмцээн хойшилсон билээ. Гэвч Өвлийн олимпийн зохион байгуулах хорооны гишүүд өөдрөг хэвээр. Нээлтийн ажиллагааныхаа баталгаатай амжилтад согтуурсан уу, бид байдлыг бүрэн хянаж байна хэмээн мэдээлсэн байх юм.
Нээлтийн ажиллагааны нууцыг чандалсан ч харин эрдэмтэд нь нутгийнхаа тамирчдад туслах зорилгоор нууц судалгаа хийсэн нь сэтгүүлчдэд баригдаад орхиж. Тэд тэшүүр, цана, чарганы үрэлтийн хүчийг багасгах шинэ технологи боловсруулаад шигшээ багтаа заах гэтэл нөгөө хэд нь шинэ юм хэрэглэж байх цаг зав алга гээд тоогоогүй аж. Уг төслийн удирдагч профессор Саввас Хатцикириакос “Дараагийн олимпод хэрэглэнэ гэхээр хуучирчихна. Уг нь гурван жил судалсан юм” хэмээн санаа алдан сууна. Тэд олимпийн тоглолт болох хот мужуудын цаг агаарын онцлогийг судлан гаргаж, тэшүүр, цанын хурдыг нэмэгдүүлэх технологи боловсруулсан юм байна. Профессорын хэлснээр, тэшүүр, цанын үрэлтийн хүчийг 20 хувь багасгаж, хурдыг нэг хувь нэмэгдүүлж чадсан байжээ.
Энэ үеэр багууд нээлтийн ажиллагаанд төрийнхөө далбааг өргөж явах тамирчдаа сонгон шалгаруулаад бас л завгүй. Францчууд биатлоны хоёр удаагийн дэлхийн аварга Венсан Дефраныг санал нэгтэй сонгосон бол Оросууд маргаан ихтэй байна. Зарим нь эмэгтэй хүн барьж явах ёстой гээд, нэг хэсэг нь хоккейчин нь дээр хэмээн дээр доороо орж байгаа гэнэ.
М.Сугар-Эрдэнэ
Гэнэтийн бэлэг дүүрэн нээлтийн ажиллагаа | ||
Үзсэн: 1471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.