Ундны усны нөөцөд тулгуурласан судалгаанд үндэслэн Богдхан уулын өвөрт 150 мянган хүн суурьших тооцоолол хийжээ.
УИХ-аас 2020 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй "Шинэ Зуунмод" хот шинээр байгуулах шийдвэр гаргасан. Гэвч өнөөг хүртэл тус хотын засаг захиргаа, удирдлагын тогтолцоо тодорхойгүй, хотын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалтай байгаа юм.
Тиймээс нийслэлийн дагуул хотын статустайгаар эрх зүйн байдлыг хуулиар тусгайлан тодорхойлох шаардлагын үүднээс Засгийн газар "Шинэ зуунмод" хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна.
"Шинэ Зуунмод" хотыг Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 32 мянган га эдэлбэр газартай, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөжээ.
Засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай, Төв аймагтай бүхий л талаар хөгжлийн интеграцад орж, хотын эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн засаглал, эдийн засгийн тогтолцоог бий болгохоор тооцсон байна.
Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга н.Батбаяраас тодрууллаа.
"Шинэ Зуунмод" хотыг амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго, аж ахуйн нөөц зэрэг 9 бүстэй байхаар төлөвлөжээ.
Тухайлбал, амралт, аялал жуулчлалын бүсэд олон улсын хурал, зөвлөгөөн, арга хэмжээний цогцолбор, морин тойруулга, бооцоот тоглоом, музейн цогцолборыг байгуулж, хотын төв, засаг захиргааны бүсэд төрийн зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Богдхан уулын өвөрт 150 мянган хүн суурьших тооцоолол хийжээ | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.