Шууд Chart

Мал эмнэлгийн хүрээлэн “Сатрепс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ

2024-05-28 12:21:20

2014-2019 онд "Сатрепс" хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Монгол Улсын Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуулиуд хамтын ажиллагаагаа дахин эхлүүллээ.
 
Тэд адууны аж ахуй, адууны тоо толгойгоор давамгайлдаг, мөн хил орчмын экспортын бүс нутаг, адууны нийлүүлгийн өвчний халдварлалт ихтэй 4 аймгийг сонгон “Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” төслийг 2025 -2029 оны хооронд хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Шинжлэх ухаан, технологийн газраас санхүүжүүлэх юм.
 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан төсөл хэрэгжүүлэх багийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
 
Төслийн Япон талын удирдагчаар Японы Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор, ХААИС-ийн хүндэт профессор Инуе Нобору, менежерээр Япон улсын Обихирогийн Их сургууль Эгэл биетэн судлалын үндэсний төвийн профессор Ёкояама Наоаки, Монголын талын удирдагчаар Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг, зохицуулагчаар малын их эмч Ph.d Б.Баттөр, малын их эмч Ph.d др Ц.Мөнхтуул нар ажиллах юм байна.
 
Сонгосон 4 аймагт нийлүүлгийн өвчнийг бүрэн эрүүлжүүлэх, адууны үржил селекцийн ажилд зохиомол хээлтүүлэг зэрэг сонгомол үржүүлгийн орчин үеийн аргуудыг нутагшуулан, адууны нийлүүлгийн өвчний оношилгоо, хяналтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх замаар дээрх аймгуудын адуун сүргийг өвчнөөс эрүүл бүс болгох, суурин болон хагас суурин эрүүл адууны аж ахуйнуудыг дэмжин экспортод чиглэсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд төсөл чиглэх ажээ.
 
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЖАЙКА" нь манай улсын голлох салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжин ажилладаг. Тус байгууллагын “Тогтвортой хөгжлийн төлөөх Шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа Сатрепс хөтөлбөр нь” нь дэлхийн олон оронд хэрэгждэг бөгөөд манай улсын Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй 2 дахь төсөл нь юм.
 
Сатрепс хөтөлбөрийг өөрийн улсад хэрэгжүүлэх хүсэлтэй дэлхийн 100 гаруй улс жил бүр салбар бүрийн төслөө ирүүлдэг гэнэ. Энэ онд мал аж ахуйн салбарт ирсэн 22 төслөөс Мал эмнэлгийн хүрээлэнгийн төсөл шалгарч чаджээ. Энэ удаагийн төслийг хамтран хэрэгжүүлэх Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуулиуд 1997 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Төслийн хүрээнд хоёр талын судлаачид эн тэнцүү судалгаа хийж үр дүнгээ хуваалцах юм.
 
Төслийн үр дүнд адууны өвчлөл, түүний дотор адууны нийлүүлгийн өвчний халдварын байдлыг тогтоож адууны эрүүл мэндийг хамгаалах болон үржлийн ажилд биоинженерчлэлийн аргыг нутагшуулан халдварт өвчний хяналтын тогтолцоо, генетикийн нөөцийн менежементийг боловсронгуй болгох замаар Монгол Улсад мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байгаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Мал эмнэлгийн хүрээлэн “Сатрепс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй