УИХ-ын 2024 оны чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т “УИХ-ын дэд даргыг тухайн УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, ил санал хураалтаар сонгоно” хэмээн заасан байдаг.
Хуульд заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл нар танилцууллаа.
Дараа нь санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 110 гишүүн санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо.
Иймд холбогдох УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж, Д.Амарбаясгалан хуралдаанд бүрэн эхээр нь уншиж танилцуулсан.
Үргэлжлүүлэн Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ.
УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.