Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданы санаачилгаар бүтээн босгосон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилгын нээлтийн арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт боллоо. Ажиа гэгээн Лувсантүвдан нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлж олон мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүчин чадлаа зориулан буяны үйлсэд оролцсон сайн санаат хүмүүсийн өглөг хандиваас бүтсэн энэхүү эмнэлэг ашиглалтад орж байгаад туйлын их баярлаж байна гэлээ.
Тэрээр "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилга нь хүүхдийн зүрхний ангиографи /катетер/-ийн орчин үеийн лабораторитой. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн “Siemens” брендийн хоёр туйлт иж бүрдэл тоног төхөөрөмж суурилуулсан. 2012 оны тавдугаар сарын 9-нд барилгын суурийг тавьж хоёр жилийн дотор хүүхдийн эмнэлэгээ ашиглалтад оруулж байна. Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт гүнээ талархаж байна. Мөн Тайвань, Сингапур, БНХАУ, Япон, АНУ-аас өглөг хандив ирүүлсэн, энэхүү үйлсэд оролцсон бүх буянтай үйлстэнд талархаж арван цагаан буян арван зүгт дэлгэрэх болтугай” хэмээн ерөөсөн юм. Ажиа гэгээний сайн үйлсэд монгол түмэн талархаж, баярласан сэтгэлээ цахим ертөнц хийгээд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан түгээсээр байна.
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Юн Бён Сэ сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Евроазийг холбосон стратегийн ач холбогдолтой байршилтай орны хувьд Монгол Улстай БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд төмөр зам, далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн нөөц боломж байгааг тэмдэглэж, Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ хоёр орны иргэд визгүй зорчих боломжийг бүрдүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар үр ашигтай санал солилцлоо.
2014-2015 хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургалтад ашиглах сурах бичгүүд хэвлэгдэн, худалдаанд гарч эхлээд байна. Уншигч та бүхэн зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар болон сурах бичгийг худалдаалах хэвлэлийн газруудын нэрсийг ЭНДЭЭС харна уу.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, дүрэлзсэн галаас найман дүүгээ аварсан есөн настай Н.Азжаргал охин 40 хувийн түлэгдэлтэй “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчилгээ хийлгээд өнгөрсөн долоо хоногт гарлаа. Монголын Залуучуудын Холбооноос Н.Азжаргал охиныг МЗХ-ны "Эр зоригийн алдар" тэмдгээр шагнав. Мөн амьдрах оронгүй болсон Н.Азжаргал охин гэр бүлийнхнийхээ хамт “Кемпински” зочид буудалд 14 хоног байрлахаар болсон таатай мэдээ байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс хөдөлмөрчдийн одоо авч байгаа цалин, тэтгэврийг 50 хувиар нэмэх, мөн бага, дунд орлоготой иргэдийг “Хүн амын орлогын албан татвар”-аас тодорхой хугацаа зааж 100 хувь чөлөөлөх нь чухал байгааг онцлолоо. Уг асуудлыг ажил хэрэг болгон хэрэгжүүлж чадвал иргэдийн орлогыг богино хугацаанд хамгаалсан томоохон алхам болно гэв. Улмаар ирэх оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдлийг заавал суулгаж өгөх хэрэгтэй гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээллээ.
БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүллээ. И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авч байсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслээр Монгол Улсын иргэдэд үйлчилж байсныг таслан зогсоов.
Манай улсад жуулчны 90 хоногийн визээр амралтын өдрүүдэд орж ирсэн түүнд эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, эмч гэж нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрсэн юм. Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж холбогдох хуулийн дагуу 1 920 000 төгрөгөөр торгосон байна. Гадаадын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмч нар манай улсад жуулчны визээр амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, баар, пабуудыг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн иргэдэд үйлчлэх журмыг баримталж ажиллахыг шаардах зорилгоор шалгалт явуулж эхэллээ. Энэ ажлын хүрээнд цэнгээний газруудаар үйлчлүүлж буй иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цэнгээний газраар үйлчлүүлж буй иргэд заавал иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагыг тавьж байна. Үйлчлүүлэгчид иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг гэрчлэх бичиг баримтгүй бол цагдаагийн байгууллага тухайн хүнийг 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулан, шалгаж тодруулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг хүлээжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Баатаржавыг томилох шийдвэр гаргалаа. Уг шийдвэртэй холбогдуулж С.Баатаржавт өнгөрсөн баасан гарагт Тэргүүн комиссар цол олгосон юм.
“Мөнгөн гүүр” эмнэлэгт ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эмч нар, Солонгосын “Ханганг Соо” эмнэлгийн пластик мэс заслын эмч мэргэжилтнүүд үнэ төлбөргүйгээр үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгч байна. Энэ сарын 31-нийг хүртэл 9:00-12:00 цагийн хооронд болох уг арга хэмжээ түлэнхийн ямар нэг зовиуртай хүн бүхэнд нээлттэй юм.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 22-ноос эхлэн автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Мөн иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн маршрутаар сэлгэлт хийж, зорчиж байгаа юм. Автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлах ажил энэ сарын 31-ний оройн 21:00 цаг хүртэл хэрэгжинэ. Харин есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчлэх юм.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.