Шууд Chart

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилохыг дэмжив

2024-07-09 15:58:35

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ өдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Баярмагнайн Баярбаатарыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлж байгааг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар илтгэн танилцууллаа.

УИХ-ын гишүүн Баярмагнайн Баярбаатар нь 1981 оны дөрөвдүгээр  сарын 08-ны өдөр төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988-1998 онд нийслэлийн 48 дугаар сургуулийг, 1998-1993 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг төгссөн. 2020-2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2021 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж байна. Эрхзүйч мэргэжилтэй. 2003-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 2004-2006 онд Улсын Их Хурлын дэд даргын шадар туслах, 2006-2008 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах, 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын намын бүлэгт ахлах референт, 2011-2012 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан, 2016-2020 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн МАН-ын Ажлын албаны намын зохион байгуулалтын газрын дарга, 2020 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Очирбат, Д.Энхтуяа, Д.Бум-Очир, Х.Баасанжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх хууль тогтоогчдын хувьд ёс зүйн асуудал чухал гэдгийг гишүүд онцолж байв. Ийнхүү хэлэлцээд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн Баярмагнайн Баярбаатарыг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78,5 хувь нь дэмжлээ. Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа илтгэхээр тогтов.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох, эсэх талаарх байсан бөгөөд 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын намрын ээлжит чуулганыг дуустал шинэ дэгээрээ явах тухай саналыг тус Байнгын хороонд ирүүлсэн тул өөрчлөх шаардлагагүй гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хийсэн юм. Түүнчлэн чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох асуудлаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга санал гаргаж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай гэв.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Очирбат, П.Наранбаяр нар байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийг бие даасан бүтэц болгон томруулах шаардлагатай хэмээн сануулсан юм. УИХ-ын гишүүд ийнхүү үг хэлсний дараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь дэмжлээ. Ингээд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг “2024 оны УИХ-ын хуралдааны дэг” хэмээн хүлээн зөвшөөрсөнд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилохыг дэмжив   
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй