Шууд Chart

Нийгмийн бодлогын байнгын хороо даргаар УИХ-ын гишүүн Л.Энхнасанг сонгохыг дэмжив

2024-07-09 16:13:37

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойно 14:10 цагт хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаан гишүүдийн 78.3 хувь оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бейсен даргалан явуулав.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар парламентад суудалтай намуудын харилцан тохиролцож байгуулсан санамж бичгийн дагуу ХҮН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн тус Байнгын хороог удирдаж ажиллахаар болсныг танилцуулсан юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Энхнасанг нэр дүвшүүлж буй талаар УИХ-ын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Түүний мэдлэг боловсрол, ажлын туршлагыг харгалзан нэр дэвшүүлж байгаа талаар тэрбээр тэмдэглэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигч Л.Энхнасангаас УИХ-ын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат нар хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын талаарх туршлага, жирийн ажилчид болон нийгмийн сонирхогч бүлгүүдийн эрх ашгийн тэнцлийг хэрхэн хангах, өмнө хийгдсэн бодлогыг үргэлжлүүлэх, сайжруулах, засах талаар ямар ажил хийхийг нь асууж, хариулт авлаа. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн, С.Зулпхар, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа, Б.Бейсен нар нар үг хэлж, нийгмийн даатгалын шинэчлэл, хувийн тэтгэвэр сан бий болгох, нийгмийн салбарын гүйцэтгэлийг бодитой үнэлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг ажлын байрны тоогоор бус тэдгээрийн чанараар илэрхийлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд нийгмийн үнэлгээг нэмж оруулах, эрүүл мэндийн салбарын асуудлуудад анхаарч ажиллах, Байнгын хорооны болон намын үйл ажиллагааг ялгаж, нийгмийн салбарын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажилд Байнгын хорооны гишүүдийн мэдлэг, туршлага, ур чадварыг бүрэн дүүрэн дайчилж ажиллах талаар хөндөн ярив. Мөн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, даатгалын тогтолцооны шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг өөр хооронд нь уялдуулах, бодлогын залгамж чанарыг хадгалах, хавтгайрсан халамжийг цэгцлэх, хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, мэдрэмжтэй ажиллаж, намдаа гэхээсээ илүү Байнгын хорооны гишүүдийн дадлага туршлага, хүчинд найдах, Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомж нийгмийн хамгааллын бодлогын мэдрэмжтэй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн санал, зөвлөмжийг хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд хандан, нэр дэвшигч Л.Энхнасанг дэмжиж ажиллахыг хүссэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энхнасанг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжиж, УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 


Нийгмийн бодлогын байнгын хороо даргаар УИХ-ын гишүүн Л.Энхнасанг сонгохыг дэмжив  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй