Шууд Chart

“Улаанбаатар-2024” жюү жицүгийн олон улсын тэмцээн болж байна

2024-07-14 11:33:38

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо жюү жицүгийн “AJP Ulaanbaatar Tour-2024” тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээн долоодугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байгаа юм.

Улаанбаатар хотноо 6 дахь удаагаа болж байгаа энэ тэмцээнд нийт 36 байгууллага, клуб, академийн 532 тамирчин өрсөлдөж байна. 

Тэмцээнийг Нийслэлийн ЗДТГ, Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ болон ивээн тэтгэгч, дэмжин ажиллагч байгууллагууд Монголын жюү жицүгийн холбооны хамт олонтой хамтран зохион байгуулж байна. 

Тэмцээнд Монгол Улсын баг тамирчдаас гадна ОХУ, АНУ, Бразил, Япон улсаас баг тамирчид ирж оролцож байна.

Мөн Хятадын Хонг Конгийн баг тамирчид өрсөлдөж байгаа юм.

Тэмцээн насанд хүрэгчдээс гадна өсвөр үе, залуучууд, мастерс гээд нийт 4 насны ангилалд шилдгүүдээ тодруулна. Мөн тамирчид жин болон бүсний ангиллаараа өрсөлдөнө. 

Тэмцээний нээлт өнөөдөр боллоо.

Энэ үеэр Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ “Жюү жицүгийн "Улаанбаатар тур" тэмцээн анх зохиогдсон цагаасаа цар хүрээгээ тэлсээр байгаа. Улмаар нэр хүнд, чансаа түвшин нь өссөөр өдгөө Олон улсын жюү жицүгийн холбооны хөтөлбөрт ордог тэмцээнүүдийн нэг болжээ. Улсын маань нийслэлд ийнхүү 6 дахь удаа болж байна. Хамтран ажиллаж, тэмцээнийг амжилттай зохион байгуулж буй бүх хүмүүстээ талархлаа” хэмээсэн юм. 

Эхний өдөр өсвөр болон залуучуудын жин, бүсний ангилал тус бүрийн медалийн эзэд тодорсон. 

Өнөөдөр мастерс болон насанд хүрэгчдийн ангиллын медалийн эзэд шалгарна.

Түүнчлэн шүүгчдийн багийн хувьд БНСУ-ын шүүгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж, тэмцээнийг шүүн явуулж байна. 

Энэ тэмцээнийг залгаад жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болох хуваарьтай.

Анх удаагаа манай улсад болох гэж буй тус тэмцээн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг, Хятадын Макаогийн багууд оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Одоогоор гадны орны ихэнх баг тамирчид манай улсад хүрэлцэн ирээд буйг зохион байгуулагчид хэлж байна. Тухайлбал, БНСУ-аас 16 тамирчин энэ удаагийн тэмцээнд ур чадвараа сорихоор Улаанбаатарт иржээ.

Нэмж мэдээлэхэд, Монголын жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч С.Мөнхсүх энэ оноос эхлэн Азийн жюү жицүгийн холбооны дэд Ерөнхийлөгч, Зүүн Азийн жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. 

Эдгээр тэмцээнийг МҮОНРТ-ийн “MNB Sport” суваг албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Улаанбаатар-2024” жюү жицүгийн олон улсын тэмцээн болж байна  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй